Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
106
МҮМУУХ: Уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт оруулаагүй

Уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчиж байна гэх агуулга бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооноос тодрууллаа.

МҮМУУХ-ны Ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн:

Үндэсний морин уралдааны дүрэмд өөрчлөлт оруулж, даага, шүдлэнгийн сэрвээний өндрийг 1 см-ээр нэмсэн мэтээр гадуур түгсэн мэдээлэл нь хуурамч байжээ гэдгийг мэдлээ. Шадар сайд биднийг хүлээж авч уулзаж, ажлын албаныхантай нь санал сэтгэгдлээ солилцлоо.

Өчигдөр сэрвээний өндрийг нэмсэн байна гэдэг талаар мэдээлэл гарсан. Манайх чинь 21 аймгийн  уяачдын төлөөлөл болж энд сууж байгаа. Тиймээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, албан ёсны мэдээлэл биш байна гэдгийг мэдэж авлаа. Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой. Хууль хэрэгжих ёстой. Хуулиа хэрэгжүүлээч ээ гэдэг л шаардлага бид тавьдаг. Үүнд Шадар сайд болон ажлын албаныхан нь анхаарч, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарал тавьж ажиллаж байгаад гүнээ талархаж байна.

МҮМУУХ-ны Нарийн бичгийн дарга М.Ариунболд:

Өчигдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны хурлаар Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан мэтээр пэйж хуудаст мэдээлэл оруулсан. Үүнтэй холбоотойгоор бид Шадар сайдын ажлын албанаас өнөө өглөө асуудлыг тодруулаад ийм батлагдсан дүрэм шинэчилсэн асуудал байхгүй бөгөөд Үндэсний хурдан морины уралдааны дүрмийг шинэчлэн батлах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Энэ ажлын хэсэгт хоёр холбооны төлөөлөл, мөн төрийн байгууллага, яам, агентлагийн холбогдох хүмүүс нь орохоор болсон. Ажлын хэсэг энэ долоо хоногтоо байгуулагдаад дүрмийн төсөл дээр талууд нэгдсэн байр сууринаас асуудалд хандахаар боллоо.