Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
113
Өнөөдөр 16:00 цагт орон даяар дуут дохио дуугарна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг. Энэ дагуу 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах тул та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нэгдэх дохио дуугарахад иргэн та “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.