

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд Үндэсний эвсэл орох эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа. тэрээр "Хамтарлаа гээд яг ямар үр дүн гаргахын төлөө хамтрах юм. Энэ зүгээр нэг албан тушаалын хэрэг бишшүү дээ. Би Г.Занданшатараас урилга хүлээж аваад ажил хэрэгч байдлаар л асуудалд хандсан. Тэр зарчим хэвээрээ байгаа. ЗГ-ын бүтцийг цөөлөх шаардлагатай. Гэхдээ ЗГ-ын бүтцийн тухай асуудал улсын төсөвтэй хамт явж байдаг. Энэ асуудлыг хамтад нь оруулах юм уу. Эсвэл энэ байдлаар явж байгаад 2027 оны төсөвтэй хамт оруулж ирэх юм уу. Үүнийг Н.Учрал дарга өөрөө л мэднэ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, баг их чухал. Албан бичиг ирэх үгүйг би мэдэхгүй байна. Улс төрийн хувьд шийдвэр гаргах эрх хэр байх юм. Өчигдөр Г.Занданшатар дарга хурал дээрээ надад ЗГ-аа бүрдүүлэх боломж байгаагүй гэж хэлсэн байна лээ. Энэ бол өнөөдөр унаж байгаагийн нэг шалтгаан мөн. Би юу ч гэж зөвлөхгүй. Би өөрөө эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй бол гэж зарчмын байр суурь илэрхийлчихээд одоо үг дайх нь буруу. Тэр хүний бүрэн эрхийн асуудал, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Улс төрийн нам байж төрөө бүрдүүлдэг. Сонгуулиар үүнийг бүрдүүлдэг. Төрийн удирдлага зохион байгуулалтыг олонхи болсон нам шийддэг" гэлээ.
