

Монгол улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын багт хэн хэн орж ажиллах вэ? УИХ-ын даргын ажлыг хэн хийх вэ гэх таамгууд сүүлийн хоёр өдрийн турш хөвөрлөө.
УИХ-ын чуулган нээлтээ хийснээс хойш хуралдаж чадалгүй хоёр долоо хоногийн нүүрийг үзсэн. Ардчилсан намын тавьсан шаардлагын үр дүнд Н.Учрал УИХ-ын даргын суудлаа хүлээлгэн өгч, Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Хоёр долоо хоногийн турш гацсан Хаврын чуулганаар хэлэлцэх олон асуудал, батлах өчнөөн хууль бий. Тиймээс өнөөдрийн дотор Засгийн газар шинэ бүтэц бүрэлдэхүүнээ зарлаж, шинэ УИХ-ын даргыг томилох учиртай.
УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан нарын нэр яригдаж байна.
УИХ-ын даргын марафонд нэр нь яригдаж буй улс төрчдийн хувьд аль аль нь улс төрд ч, нам дотроо ч нэр хүндтэй, туршлагатай улс төрчид. Харин аль талын дэмжлэг, нөлөөлөл их байна вэ гэдэг л чухал.
Шадар сайдын ажлаа өгснөөс хойш хэсэг чимээгүй байсан С.Амарсайхан энэ долоо хоногоос эхлэн дуу орж “УИХ-ын дарга тодорхой шаардлагыг хангасан, туршлагатай хүн байгаасай гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Ямартай ч Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед бид ч бас яаравчлан улс төрийн үймээнээ намжаах шаардлагатай байна.
