

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нараа томилох, 126 гишүүнтэй парламент шинэ “спикер”-ээ томилох өдөр.
МАН-ын Удирдах зөвлөл 09:00 цагаас хуралдаж УИХ-ын даргаар хэнийг томилохоо хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн 10:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган орох юм. УИХ эв нэгдэлтэй, зарчимтай урагшлахын тулд сандал суудлын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй нэгнийг томилох учиргүй.
Хамгийн ээдрээтэй үед хүмүүсийг уулзуулж, эвлэрүүлж, ойлголцуулж байсан хүнээ юу эсвэл нэг талд гарч эвдрэлцүүлж явсан нэгнийг томилох уу гэдгийг Удирдах зөвлөлийн хурлаар шийднэ. Мэдээж Н.Учралын засгийн газарт урт нас хэрэгтэй.
Одоогоор УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан нарын нэр яригдаж буй.
Л.Оюун-Эрдэнэ болон Г.Занданшатарын Засгийн газарт С.Бямбацогт, Б.Жавхлан, С.Амарсайхан нар аль аль нь ажиллаж байсан. Тэднийг хүчтэй улс төрчид гэдэгтээ нь хэн ч маргахгүй ч замын дундаас нөхрөө гээдэггүй нэгэн гэдгээ С.Амарсайхан баталчихсан. Н.Учралд одоо тийм л нөхөр хэрэгтэй.
Шадар сайд асан С.Амарсайхан “Засгийн газрын зарим үйл ажиллагаа, бодлого шийдвэр нь өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй нь нийцэхгүй байгаа тул Г.Занданшатартай хамтарч ажиллах боломжгүй” гэдгээ илэрхийлээд ажлаа өгч байв.
Хэрэв албан тушаалын төлөө байсан бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг ажлаа өгөхөд 03 болчих боломж С.Амарсайханд байсан. Тэрээр жудаг ёс суртахуун, нөхөрлөл зарчим гэдэг зүйлийг барьж ирснээ, албан тушаал наймаалцаж, ашиг хайж байгаагүй гэдгээ харуулаад амжсан.
Тийм ч учраас Н.Учралын Засгийн газрын тулах цэг С.Амарсайхан байж болно.
5 намаас бүрдсэн 126 гишүүнтэй парламентыг зангидах хүчтэй “Спикер” хэрэгтэй болохоос замын дундаас зангаа таниулж, Засгийн газраа тонгорчихдог нэгэн хэрэггүй.
