

УИХ-ын гишүүн П.Наранбаяраас өчигдөр хуралдсан ХҮН намын зөвлөлийн шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрээр "ХҮН намын зөвлөл өчигдөр шөнийн 22 цаг хүртэл хуралдсан. 95 хувийн саналаар урилгыг хүлээж авах нь зүйтэй гэж гарсан. Намаас ингэж шийдвэрлэснээс бид дагаж ажиллана. Ямар яамыг хариуцан ажиллах вэ гэдэгт намын дарга хэлэлцээр хийнэ. Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өчигдөр Трамп мэдэгдэл хийхэд нефтийн үнэ өөрчлөгдөж байна. Ийм тогтворгүй нөхцөл байдалд бид тогтвортой ЗГ шаардаж байна. ХҮН намын нөхцөл богино хугацаанд хоёр ч ЗГ холбируулаад хэн, юу хожив. Үүнийг бид эргэн ярих ёстой. ЗГ-аа тогтвортой ажиллуулах хамтын гэрээ, өөрөөр хэлбэл улс төрийн намууд бодлогоо нийлүүлж түншилж байгаа бол хамтын гэрээ хийж, маш сайн мөрдөх шаардлагыг ХҮН намаас тавьж байгаа. Хамтын гэрээтэй явсан үе бий. Гэхдээ ЗГ холбирсон үйл явдалд МАН буруутай. Бидэнд өнөөдөр тогтвортой эдийн засаг хэрэгтэй байна. Одоогоор тэдэн суудал гэж яригдаагүй. Гэхдээ хоёр сайдын суудлаа хадгална. Шинэ ерөнхий сайд томилогдсоноор өмнөх сайд нар үүрэг гүйцэтгэгч хийх боломжгүй болж, ТНБД нар төрийн залгамж халаа авч, яамны ажил явагдаж байгаа. Боловсролын салбар ирээдүй бүтээдэг, хамгийн хариуцлагатай салбар. Энэ салбарт 93 мянган хүн ажилладаг. 50 мянга гаруй багш, үлдсэн нь сургуулийн таатай ажил, орчин бүрдүүлэхийн төлөө ажилладаг албан хаагч. Багшийн салбарт хөрөнгө оруулсан улс үргэлж өсөн дэвшдэг. Иймээс бид энэ зам руу орох нь өөрөө зөв" гэлээ.
