Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
149
Манай байгууллагатай холбогдож, зөвлөгөө авч, төслөө бичээд гарааны бизнесээ эрхлэх боломжтой

Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийн хүрээнд Ээлтэй ертөнц ТББ-аас "хүлээн зөвшөөрөх нь эхлэл" юм гэх уриа дор өдөрлөг зохион байгууллаа. 

Т.Туяажаргал Ээлтэй ертөнц ТББ-ын тэргүүн: 2025 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд 12 ТББ 10, 10 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдний нэг нь бид. Бидний хувьд оюуны бэрхшээлтэй залуусыг нийгэмшүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор Ханни зөөлөн тоглоомын үйлдвэрт ажилуулж, бэлтгэж байгаа.

Гэхдээ мэргэжлийн хүний нөөцтэй, хөдөлмөр засалчийн удирдлага дор эдгээр залуус богиносгосон цагаар, тохируулгатай орчинд өөрсдийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхэлж байгаа. Тэнд найзуудтай, хамт олонтой болж, өөрийгөө илэрхийлэх боломжтой болж байгаа. 

Хүүхэд наснаасаа оюуны бэрхшээлтэй болсон, хавсарсан оноштой хүмүүс 18 нас хүрсэн ч хөдөлмөр эрхлэх боломжгүй. Танин мэдэхүйн алдагдал, биеийн хөгжлийн онцлог зэрэг олон зүйл энд нөлөөлж байгаа. Тийм учраас гадаад улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлэхэд  чиглэж ажиллаж байгаа. 

Аутизмтай хүүхдүүд нийгэмшдэг, хөгждөг. Манай төв дээр хөгжөөд энгийн сургуульд орох боломжтой. Цаашлаад ажил эрхлэх боломжтой гэдгийг таниулах зорилготой өдөрлөг зохион байгуулж байна. Сүүлийн 4-5 жилд аутизмтай хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Манай төв дээр буруу зан үйлтэй хүүхдүүд их ирдэг. Гэнэт стресстэй болдог, энэ үедээ найзуудаа эсвэл өөрийгөө гэмтээдэг, хаздаг, цохидог рефлекстэй. Манайд цогц багийн дэмжлэг үзүүлдэг.

Тодруулбал, Сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч, уламжлалтын эмч нар цогц эмчилгээ хийдэг. Энэ цогц эмчилгээнд орсноор тухайн хүүхэд эмгэг рефлексүүдээ хаядаг. Уурласан үедээ бусдыг болон өөрийгөө шууд гэмтээх биш. Мэргэжилтэн очоод тайвшруулахад тухайн үйлдлүүдээ хийхгүйгээр тайвширдаг энгийн дадалд сурдаг. 

Аутизмтай хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт өмнө яригдахгүй орхигдсоор ирсэн. Мэдээж насаараа жоохон хүүхдээрээ байхгүй. Энэ хүүхэд 18 насанд хүрнэ. Энэ үед нь яах вэ. Дахиад гэртээ хорих уу. Гэртээ л өдөржин байгаад байх уу гэх асуудал тулгарна. 

Энэ жилээс эхлэн Ээлтэй ертөнц ТББ-ын дэргэдэх Ханни зөөлөн тоглоомын үйлдвэртэй хамтраад "The care" буюу 18 насанд хүрсэн хүүхдүүдээ ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ жил 10 залуусыг ажлын байранд зуучилж, хөдөлмөр засалч ажлын байр дээр нь очиж дадлагажуулах үйл ажиллагаа явуулсан. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон аав ээж, асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн ч  дэмжих санхүүгийн боломж байдаггүй. Тиймээс манай байгууллагын зүгээс дээрх иргэдэд зориулсан төсөл хэрэгжүүлэхээр болсон. Хэрэв та гэртээ жижиг дунд бизнес эрхэлдэг бол манай байгууллагатай холбогдож, зөвлөгөө авч, төслөө бичээд гарааны бизнесээ эрхлэх боломжтой. 

Шууд дамжуулалт: