m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.04.03 10:23
3875
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түтгэлздэг байх хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.03/ хуралдаан 09.11 цагт О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд УИХ-ын гишүүн Х.Тэмүжин нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болсон байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой байна.

2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болсон төдийгүй парламентын давжаа байдлыг засаж 126 гишүүнтэй болсон. Үүний үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Улсын Их Хуралд 4 нам, 1 эвсэл суудал авч олон намаас бүрдсэн Улсын Их Хурал олонх цөөнхийн байр сууриас намын лидерүүд нь мэтгэлцэж, зөвшилцдөг парламентын ардчиллын тулгуур зарчим Монгол Улсад төлөвшиж, хөгжих боломж нэмэгджээ хэмээн танилцуулав.    

ТББ 32 гишүүнтэйгээс хуралдаа 23 гишүүн оролцсон. Улмаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийг 18 гишүүн дэмжиж 78.3 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт: Төр цэгцрэх, УИХ цэгцрэх ажил УИХ-ын даргыг сонгох үйл явцтай зэрэгцээд УИХ-ын дарга нам бус байх улс төржихгүй байхаас эхэлж байна. Хээлцэхийг нь  дэмжинэ. Гэхдээ бид аливаа асуудлыг цогцоор нь бүтнээр нь хардаг баймаар байна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөгч. Өнөөдөр ард түмний итгэл унаж байна. Үүний тулд УИХ-ын даргаасаа эхлээд, УИХ нь өөрчлөлтийг өөрсдөөсөө дээрээсээ эхлээд шийдэх тал дээр тууштай манлайлж ажиллана гэж бодож байна. Араас нь залгаасыг нь гишүүд маань хариуцлагатай байх, улс төржихдөө улс эх орноо боддог байх, аливаа хувийн эрх ашгийг урдаа тавьдаггүй байх хэрэгтэй. 

УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлэггүй явах хуулийн заалт бий. Энэ заалт хэзээ яаж орсныг цэгцлэх ёстой. УИХ-ын дарга гишүүддээ, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Асуулт асууж, санал бодлыг нь сонсч байж ямар хүн бэ гэдэг нь харагдана. Үүнийг засах ёстой. Орж ирж байгаа хуулийг хүнд зориулж хийхгүй байгаасай. Эрх үүрэг хариуцлага хамт байх ёстой. Намаас түдгэлзээд төв байр сууринаас асуудалд хандах ёстой. Эргээд энэ хүнд ажил амьдрал байгаа. Түүний баталгаа нь юу байхын гэдгийг тодорхой болгоод хуулийг хэлэлцэх явцад цогц болгох ёстой. 

УИХ-ын гишүүн  О.Алтангэрэл: АН зарчмын шаардлага л тавьсан. Зарчмын шаардлага тавиад нэг намын даргаар удирдуулахгүй гэсний төлөө эрх баригчид төрийн ажил гацаалаа гэж ээлжилж гарч ирсэн. Хүчээр, уураар, өс хонзонгоор төрийг удирдахгүй. Өс хонзон Эхнэрийн урхи цаашаа болж байна. Цаашдаа монгол төрийг хүчээр, өс хонзонгоор намч хандлагаар удирдахгүй байхад чухал шаардлагатай хуулийн төслийг дэмжиж өгнө үү. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Хэлэлцэх явцдаа хуулийг нарийн судалж, боловсронгуй болгох ёстой. Бид бие биендээ буруу тохоод яахав. Та нарын парламентын дарга намын гишүүн байна уу үгүй юу гэдэг чухал биш. Гол нь ажилладаг байх ёстой гэж байгаа. Ажилдаа ирэх ёстой. Парламентын дарга намаас ангид байхгүй бол нөлөөлж магадгүй нь байж болох зүйл. Яагаад бид ганц улс жишиг болгосон парламентын дарга намаасаа татгалзах үндэслэлийг сайн тайлбарлаад өгөөчээ л гээд байгаа юм. Бусад улс татгалзаагүйн шалтгаан юу байгааг бас тайлбарлаад өгөөч. Энэ асуудлыг би юу гэж ойлгож байна гэхээр судлаачдын байр суурийг маш сайн сонсох ёстой. Татгалзлаа гэхэд спикер нь хэрхэн удирдаж, чиглүүлэх асуудлыг нарийн тусгах ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Тангараг өргөж, УИХ-ын дарга сонгосны дараа намч байж болохгүй. Намын генсек парламент удирдахад намч байж болохгүй гэдгийг нь маш сайн хэлж байсан. Энэ тал дээр миний байр суурь хэвээрээ байгаа. Даргын дэргэдэх зөвлөлд намууын төлөөлөл ордог болсон. Тэнд парламентын хэлэлцэх асуудал болон бусад асуудалд намуудын төлөөллийг оруулсанд талархдаг. ИЗНН-д УИХ-ын дэд даргатай болох шаардлагагүй. Харин тодорхой асуудалд завсарлага авдаг болмоор байна. Одоо ч гэсэн энэ хууль өргөн баригдаад дөрвөн сарын дараа анхны хэлэлцүүлэг хийж байгаа нь цаг хугацаа алдсаныг хэлээд байна. Хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ парламентын дөрвөн нам нэг эвсэлтэй энэ субъектын оролцоог хангах нарийн зохицуулалтыг нэммээр байна. УИХ-ын дарга нам бус боллоо гээд хуулийн төсөл хэлэлцүүлэхэд хэд хоногийн дотор гэсэн тодорхой хугацаатай баймаар байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үзэл санааг нь дэмжиж байгаа. Хязгаарлалт гэдэг эрх зүйн ойлголтын хүрээнд энэ хуулийн үзэл баримтлал нийцэж  байгаа. Энэ хууль З.Энхболд, М.Энхболд даргын үед ч яригдаж байсан ч хэрэгжээгүй. Бүлгийн дарга нь гараад явсан, нэр дэвшигч хуульд ач холбогдол өгөхгүй зальдах байна. Бүгд дэмжээд нэн яаралтай дэмжээд явсан нь дээр. 

 УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хуурах ажиллагаа байнга явдаг учраас нэгэндээ итгэхгүй болчихоод байгаа юм.