m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн дараа
204
Иргэдээ хөсөр хаясан Э.Бат-Амгалан дахин ЗГ-ын бүрэлдэхүүнд багтах уу?

"Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид сар гаруй хугацаанд үйлдвэрээ буцаан ашиглалтад оруулахаар, хувьцааны мөнгөө авахаар тэмцэж буй билээ. Тэднийг одоогийн Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр 70 гаруй тэрбум төгрөгөөр хохироосон хэмээн үзэж, тэд тэмцлээ эхлүүлсэн. Салбар яамных нь гадаанаас эхэлсэн жагсаал өлсгөлөнгөөр үргэлжилж,  дөрвөн хүн өлсгөлөн зарласан ч биеийн байдлаас болж зогсоосон. Түүний дараагаас ордны баруун, зүүн хаалга дээр өдөр өнжилгүй жагсаж, сайд Э.Бат-Амгаланг огцорч, хариуцлагаа хүлээн хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгохыг шаардсан ч өнөөдрийг хүртэл тоймтой үр дүнд хүрээгүй бололтой. Тиймдээ ч тэмцлийн хурц хэлбэрт шилжин ирэх даваа гарагаас эхлэн ЗГ-ын ордны гадаа дахин бүр олуулаа өлсгөлөн зарлахаар болжээ. 

Салбарын нэг сайдаас болж 25000 гаруй иргэн 70 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон талаар шүгэл үлээж байхад хууль хяналтынхан ч шалгасангүй. Э.Бат-Амгалан сайд  ч суудлаасаа буулгүй дараагийн засагт багтах сураг дуулдаж байна. 

Ийнхүү иргэдээ сонсдоггүй дүлий төртэйн хар гайгаар сүүлдээ төрийн өндөр албан тушаалтан нь иргэдээ хууран мэхлэх боллоо. Энэ үзэгдэл цаашид даамжирвал иргэдийн төрд итгэх итгэл улам бүр суларч, магадгүй бусад улсад тохиолдоод буй "непальдах" үзэгдэл рүү шилжихийг ч үгүйсгэхгүй. Шүүх хэн нэгнийг ялгадаггүй байх, хууль ялгамжтай харьцдаггүй байхыг л иргэд хүсээд буй.

Гэвч сар гаруй хугацаа өнгөрч байхад салбарын сайд Э.Бат-Амгалан хохирогч иргэдтэй уулзаж, нүүр нүүрээ хараагүйн дээр ордонд өндөр хамгаалалт дор эдгээр иргэдийг дорд үзэн гүтгэн, гуйвуулах ажиллагаа явуулж хохирсон дээр нь нэмж хохироож байна. 

Иргэдээ төлөөлнө хэмээн тангараг өргөчихөөд иргэдээсээ нүүр буруулж байхаар гарч ирээд уулзчих нүүртэй бай Э.Бат-Амгалан гишүүнээ. Хохирсон иргэдийн хохирлыг барагдуулчихаад дараагийн сайдын сэнтийдээ заларвал яасан юм!