Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.04.03 20:11
899
Сайнбуянгийн Амарсайханы намтар

САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАНЫ НАМТАР

Сайнбуянгийн Амарсайхан нь 2021 оноос хойш Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан.

Шадар сайдын хувиар тэрээр тогтвортой хөгжлийн шийдэл болсон бүсчилсэн хөгжлийн бодлого, Евроазийн эдийн засгийн коридорын нэг тулгуур болсон эдийн засгийн тусгай бүсүүд, чөлөөт бүсүүдийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын шинэ шатны реформ, үндэсний ондоошил болон уламжлалыг хадгалах “Шинэ хоршоо” хөдөлгөөний тогтолцоо, стандарт хэмжил зүйн шинэтгэл,үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл, бодлого болгон хэрэгжүүлж ирсэн. Мөн тэрээр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, “Шинэ хоршоо”, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны даргаар тус тус ажиллаж байсан.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Тэрээр Засгийн газар хоорондын комиссуудыг ахлан ажиллаж ирсэн туршлагатай Үүнд:

Монгол–Оросын Засгийн газар хоорондын комисс

Монгол–Хятадын Засгийн газар хоорондын комисс

Монгол–Америкийн Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөл

Монгол–Их Британийн Засгийн газар хоорондын комисс

Монгол–Канадын Засгийн газар хоорондын комисс

Монгол–Европын Холбооны хамтын ажиллагааны хороо

Монгол–Узбекийн Засгийн газар хоорондын комисс

Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссуудыг тус тус ахлан ажиллаж байсан.

АЖЛЫН ТУРШЛАГА

С.Амарсайхан нь хувийн хэвшил, төрийн алба, дипломат алба зэрэг олон салбарт туршлага хуримтлуулсан бөгөөд;

1992–1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн төвийн ажилтан

2000–2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, Атташе

2004–2007 онд Америкийн Худалдаа, хөгжлийн корпорацын гадаад худалдааны менежер

2007–2017 онд “Оюуны Ундраа” группийн Гүйцэтгэх захирал,Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга

2012–2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

2017–2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2019–2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

2020–2021 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга

2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүн

2021-2025 онд Монгол Улсын Шадар сайд

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

УЛС ТӨРИЙН САЛБАРЫН ТУРШЛАГА

С.Амарсайхан нь 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2013 оноос Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажлыг хашиж ирсэн.

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ТУРШЛАГА

Тэрээр 1990 онд байгуулагдсан, Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөллийн нэг болох “Оюуны Ундраа” группийг үүсгэн байгуулагч, 2007–2017 онд тус группийн Гүйцэтгэх Захирал, Ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилласан. Оюуны Ундраа групп нь мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ зэрэг олон салбарт 30 гаруй үйл ажиллагаа явуулж байна.

С.Амарсайхан нь “Монголын эдийн засгийн форум”, “Үндэсний стратегийн хүрээлэн” зэрэг судалгаа, бодлогын байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Монголын гүйцэтгэх захирлуудын клуб” (CEO Club)-ын дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

БОЛОВСРОЛ

Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж, 1981-1991 онд тус дүүрэгт бүрэн дунд сургуулийг төгссөн. Улмаар АНУ-ын Калифорни мужийн “Фресно Институт”-ийг дүүргэсэн бөгөөд 2000 онд АНУ-ын Соут Вэст их сургуулийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ

Англи, Хятад, Орос хэлний мэдлэгтэй

СУДАЛГАА, СОНИРХДОГ ЧИГЛЭЛ

С.Амарсайхан нь олон улсын улс төр, нийгмийн өөрчлөлт, тэдгээрийн Монгол болон бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл, гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн засаглалын чиг хандлага, ногоон хөгжил, мэдээллийн технологи, бүс нутгийн хөгжлийн стратеги зэрэг чиглэлээр судалгаа, бодлогын төслүүдэд идэвхтэй оролцож ирсэн.