

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдаж хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд “Еден” ХХК болон “Газар шим” ХК-ийн үйлдвэрүүдтэй танилцаж, үйлдвэрлэлийн бодит орчинд суралцлаа.


Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, ШУТИС-ийн ректор Т.Намнан болон ШУТИС, ХААИС-ийн 40 гаруй оюутан оролцсон юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд улс орны хөгжилд нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн салбар нь мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон, залгамж халаа сул байгаа салбаруудын нэг болоод байна.
Ийм нөхцөлд оюутан, залуусыг зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлах бус үйлдвэрлэлийн бодит орчинтой эртнээс танилцуулах, ажлын байрны шаардлага, ур чадварын хэрэгцээг ойлгуулах нь чухал.
Тус хөтөлбөрөөр дамжуулан ирээдүйн мэргэжилтнүүдийг онол, практикийг хослуулсан сургалтаар чадавхжуулж, тэднийг бодит үйлдвэрлэлийн нөхцөлд бэлтгэхэд онцгой анхаарч байна. Үйлдвэртэй танилцах үеэр оюутнууд хүнсний үйлдвэрлэлийн дамжлага, орчин үеийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, чанар хяналтын тогтолцоо, технологийн горимын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, мэргэжлийн ажилтнуудаас бодит туршлага, зөвлөгөө авлаа.

Энэ нь тэдний танхимд эзэмшсэн онолын мэдлэгийг бататгахаас гадна үйлдвэрлэлийн практик ойлголтыг гүнзгийрүүлэх, цаашлаад ирээдүйн ажлын байртайгаа танилцах, өөрсдийн сонирхол, мэргэшлийн чиглэлээ тодорхой болгох чухал боломж болсон юм.




Ийнхүү салбарын үйлдвэрүүдэд зохион байгуулж буй дадлага, танилцах арга хэмжээ нь оюутнуудыг ажлын байранд илүү бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг бодитоор хөгжүүлэх, ажил олгогч–төгсөгчдийн уялдаа холбоог сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна.
Мөн урт хугацаандаа хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн хомсдлыг бууруулах, тогтвортой, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд бодит хувь нэмэр орууллаа.


