

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнууд үндэсний үйлдвэрүүд болон ХАБҮЛЛ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн орчинд дадлагажлаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, ШУТИС, ХААИС-ийн 40 гаруй оюутан хамрагдсан юм.

Энэ удаагийн танилцах, дадлагажих арга хэмжээ нь хүнсний аюулгүй байдал, чанарын хяналтын тогтолцоог бодит нөхцөлд ойлгуулах, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажлын арга зүйд ойртуулахад чиглэсэн ач холбогдолтой байв.
Ялангуяа хүнсний салбарт лабораторийн шинжилгээ, баталгаажуулалт нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэлийг хангах үндсэн тулгуур болдог учраас энэ чиглэлийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх нь нэн чухал юм.



Оюутнууд лабораторийн бүтэц, зохион байгуулалт, шинжилгээний үндсэн чиглэлүүдтэй танилцахын зэрэгцээ орчин үеийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийн ажиллагаа, дээж авах, боловсруулах, шинжлэх үе шат, чанарын хяналтын дотоод болон гадаад тогтолцооны талаар мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөөг сонслоо.
Мөн судалгааны үр дүнг хэрхэн боловсруулах, тайлагнах, практикт нэвтрүүлэх талаар ойлголт авч, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх бодит туршлага хуримтлуулсан юм.

Энэхүү дадлага нь оюутнуудын танхимд эзэмшсэн онолын мэдлэгийг бататгахаас гадна судалгаа, шинжилгээний ажлын практик ойлголтыг гүнзгийрүүлэх, цаашдын мэргэшлийн чиглэлээ тодорхойлоход чухал нөлөө үзүүлэв. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хангахад лабораторийн үүрэг, хариуцлага ямар өндөр болохыг ойлгуулж, салбарын бодит хэрэгцээ, шаардлагыг мэдрүүлэх боломж боллоо.


Ийнхүү мэргэжлийн байгууллагад зохион байгуулж буй танилцах, дадлагажих арга хэмжээнүүд нь оюутнуудыг ажлын байранд бэлтгэх, судалгаа шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, улмаар хүнсний салбарын хүний нөөцийн чанар, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна.



