

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн гаргасан өргөдөл гомдлын дагуу АТГ-аас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ. АТГ-ын комиссар Б.Билэгт өнөөдөр өгсөн мэдээлэлдээ “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн сарын 23-нд АТГ-т гомдол мэдээлэл гаргасны дагуу хянаж шалгаад, Б.Энхбаярт 3.31-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Тухайн хэрэгт холбогдуулан 1.3 сая ам.долларын асуудалд хяналт шалгалт хийгдэж байна. Гадаадаас болон дотоодоос шилжүүлсэн мөнгөн хөдөлгөөнийг илрүүлэх, гадаадын ижил чиг үүргийн байгууллагуудтай холбогдон мэдээлэл авч ажиллаж байна” гэлээ.
Ийнхүү МАН-ын зодооноос улбаатай хэд хэдэн хэргийн сэжүүрээс АТГ атгаад авлаа. Тухайлбал, “Бодь”-оос авсан авлигын талаар нь тухайн үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан А.Амундра сошиал хуудсаараа баримт дэлгэж эхэлсэн. Дэд сайдаар томилогдсон уяач Б.Нямжавын компани руу Төрийн сан хаасны дараа цагдаа нарын цалингийн үлдэгдэл гэх таван тэрбум төгрөг шилжүүлсэн баримтын шилэн Б.Цогтгэрэл дэлгэсэн нь мөн л ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяртай холбогддог.
Хэдхэн сарын өмнө “Админерал”-тай нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг албан тушаалаа өгч шалгуулахыг намын нөхөд нь шаардаж байсан бол юм бүхэн ээлж дараатайн адилаар одоо Б.Энхбаярын ээлж ирж байна.
Одоо Б.Энхбаяр та давхар дээлээ тайлж байгаад ЗГ-ын, УИХ-ын гишүүны бүрэн эрхгүйгээр үнэнтэй нүүр тулж, шалгуулна уу.
