Нийгэм
2026.04.10 08:58
1011
“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН 16 МЕГА ТӨСӨЛ” СЭДЭВТ ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТАД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 250 АЖИЛТАН, АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга Чингэлтэй дүүргийн ЗДТГ, түүний харъяа байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулсан уулзалтаар үргэлжиллээ.
 
Энэхүү уулзалт нь нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 томоохон төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн явц, иргэдийн амьдралд үзүүлэх эерэг нөлөөллийг түгээхэд чиглэж байна.
 
Тухайлбал, нийтийн тээврийн шинэчлэл (метро, трамвай, BRT, дүүжин зам), авто замын сүлжээ болон усны менежмент, хот байгуулалт зэрэг салбарын бүтээн байгуулалтууд нь Улаанбаатар хотын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих цогц шийдэл болж байгааг онцоллоо.
 
Төсөл бүр нь тусдаа биш, хотын хөгжлийн цогц бодлого гэдгийг НТУГ-ын захирал Э.Түвшинжаргал онцолж, бодит, зөв мэдээллийг иргэдэд түгээх нь төслүүдийн хэрэгжилтийг дэмжих чухал хүчин зүйл болохыг дурдсан юм.
 
“Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалт нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг үе шаттайгаар хамруулан үргэлжлэх бөгөөд ингэснээр төрийн байгууллагуудын ойлголтыг нэгтгэх, мэдээллийн нэгдсэн урсгалыг бий болгоход чухал ач холбогдолтой.