

Багануур дүүрэгт “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөлийг байгуулах хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурал нь орон нутгийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, салбарын оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн юм.
Хурлыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр зохион байгуулж, аймаг, орон нутагт салбар зөвлөл байгуулахын ач холбогдол, хэрэгцээ шаардлага, цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тэрбээр хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлд тулгуурлан нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд орон нутгийн оролцоо, хамтын ажиллагаа онцгой чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр оролцогчид хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлууд, боломж, шийдлүүдийн талаар санал солилцож, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Мөн салбар зөвлөлийг байгуулснаар бодлого, шийдвэрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, мэдээллийн урсгалыг сайжруулах, үйлдвэрлэгчдийг дэмжих, харилцан туршлага солилцох боломж нэмэгдэхийг онцолсон юм.
Хурлын төгсгөлд “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Багануур дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр “Есөншанд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямбаатарыг сонголоо. Тэрбээр цаашид орон нутгийн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Тус салбар зөвлөл нь цаашид орон нутгийн түвшинд хүнсний хангамжийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, инноваци нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.


