Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2 цагийн дараа
3135
Либертари намын удирдлагуудыг хүлээн авч уулзав

Сонгуулийн ерөнхий хороо Либертари нам (ЛН)-ын дарга Э.Оргил-Эрдэнэ болон тус намын гишүүдийн төлөөллийг өнөөдөр (2026.04.10) хүлээн авч уулзлаа.  

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор улс төрийн намын бүртгэлд бүртгэгдсэнд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд баяр хүргээд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор уулзаж байгааг тодотгосон юм. Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу ил тод байдлыг хангах, намын болон Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст нээлттэй байршуулах мэдээллийн талаар танилцуулж, арга зүйн зөвлөмж өглөө. Улс төрийн намын санхүүжилт нээлттэй, ил тод байх бөгөөд хагас, бүтэн жилийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуулийн зохицуулалтын талаар Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа мэдээлэл өгч, санхүүгийн хяналтын талаар танилцуулсан юм. Мөн сонгуулийн хууль тогтоомж болон сонгогдох эрхийг хангах чиглэлээр сонгуулийн төв байгууллагын чиг үүргийн талаар Хуулийн газрын дарга Т.Наранбат мэдээлэв.


Либертари нам (ЛН)-ын дарга Э.Оргил-Эрдэнэ мэдээлэл, арга зүйгээр хангах уулзалт зохион байгуулж байгаад талархаад цаашид намын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.