И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.13 11:10
163
Дээрэлxэлтэд өртсөн xүүxдүүд энэ талаараа мэдээлдэггүй

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.

Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний 03 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган  шийдвэрлэсэн.

Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг.

Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан.

Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөв.

Мөн цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад интернет хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернет хэрэглэгч болсон бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөр бүр цахим орчинд идэвхтэй оролцож, дунджаар 3–5 цагийг өнгөрүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр”-өөс 2025 онд хийсэн судалгаагаар 13–17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9–12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь мөн ийм нөхцөлд орж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй байгаа нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг харуулж байна.

Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байгаа бөгөөд энэ нь уламжлалт дээрэлхэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүү гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг.

Судалгаанаас харахад цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай тулгарч байна.

Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэгчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Иймд цахим орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, хүүхдэд цахим орчинд өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар олгох, боловсролын байгууллагууд цахим ёс зүй, хариуцлагын боловсролыг системтэй хэрэгжүүлэх, мөн цахим платформуудтай хамтран хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгах нь нэн тэргүүний зорилт юм.