Аймгийн Засаг даргын 2026 оны 03 сарын 12-ны өдрийн “Гэр бүлийн өдөр болгох тухай” захирамжаар сар бүрийн эхний 7 хоногийн баасан гараг бүр тодорхой сэдвийн хүрээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагын албан хаагчдын гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, хүүхдийн сурч, боловсрох эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангаж, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжилд анхаарах гэр бүлдээ чанартай цаг гаргах дадлыг эцэг эхчүүдэд хэвшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар захирамжилсан.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Гэр бүлийн зөвлөлөөс байгууллагын албан хаагчдын 9-12-р ангийн хүүхдүүдийг хамруулан “Мэргэжил сонголт” сэдвийн дагуу нээлттэй ярилцлага, аав, ээжийн ажлын байртай танилцах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, мэргэжлээ зөв сонгох давуу тал болон өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн шийдвэрээ гаргах нь хамгийн зөв алхам болохыг хүүхдүүдэд чухалчлан зөвлөсөн юм.
Мөн Дундговь Мобиком салбарын захирал У.Тамир технологийн ухаалаг хэрэглээг хэрхэн нэвтрүүлэх, мэргэжил сонгоход шаардлагатай эрэл хайгуулыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийх арга замын талаар нээлттэй ярилцлага өрнүүлсэн бол Цэргийн штабын офицер Ц.Баттулга “Мэргэжил бүхэн сайхан” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, “Гэр бүл, эх орон, эх оронч үзэл” салшгүй холбоотой болохыг онцгойлон анхаарууллаа.
Хүүхдүүд аймгийн Засаг даргын өрөөгөөр орж үйл ажиллагаатай нь танилцах үед иргэдийн гомдол мэдээллийн дагуу цахим тоглоомын цагийн хуваарийг батлах захирамжийн төслийг хүүхдүүдэд танилцуулан, хичээл сурлагаа цалгардуулахгүйгээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой цагийн талаар нээлттэй ярилцан хүүхдүүдийн саналыг сонсон уг шийдвэртээ тусгалаа.