Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.04.15 14:07
1036
Э.Батшугар: Иргэдэд илүү чанартай эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар танилцууллаа.

Тэрээр "Манай улсад 39 мянган эмч, сувилагч бий. Үүний цалинг нэг шатлалт болгохын тулд 150 тэрбум төгрөг шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт тооцоог хянаж, хэд хэдэн арга хэмжээг авч болох боломжтойг харсан. Цогц арга хэмжээг авснаар хэмнэсэн мөнгөөр эмч, ажилчдын цалинг нэмнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, эмийн хатуу зохицуулалттай улсуудаас ирж байгаа эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ. Хямд үнэтэй, чанаргүй эмийн хөнгөлөлтийг бууруулна. Иргэдэд илүү чанартай эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно. Эрүүл мэндийн байгууллагын зардлын үр ашгийг дээшлүүлнэ.

Эмнэлгийн захирлын ажлын алба байх шаардлагагүй. Энэ албан тушаалыг байхгүй болговол 20 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Эмч, сувилагч нарыг чөлөөлж, солихгүй. Мөн сонгон шалгаруулалтыг илүү ухаалаг зохион байгуулна. Нийт хүн амын 90 хувь нь улсын эмнэлгээр үйлчлүүлдэг бол 10 хувь нь хувийн эмнэлгээр үйлчлүүлж байна. Тиймээс лавлагаа шатны эмчилгээг сайжруулна. Иргэнийг өвдсөн байхад нь эмчлэх биш өвдөхөөс нь өмнө сэргийлэх арга хэмжээг авна. Энэ арга хэмжээг авбал 20-40 тэрбумыг хэмнэнэ гэж тооцоолж байна.

Тавдугаар сарын 1-ээс эхлэн эмч, ажилчид нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна. 

Эрүүл мэндийн салбарын цахимжилтийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг ил тод болгоно. 1313.mn сайт дээр бүх эмнэлгийн санхүүгийн зарцуулалтыг ил тод тайлагнаж эхэлсэн" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: