И.Доржоо
Сэтгүүлч
Эдийн засаг
2026.04.15 15:57
147
Трамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна

Нийслэлийн нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг олон улсын жишигт хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлж буй.

Тус төслийг хэрэгжүүлснээр авто замын түгжрэлээс үүсэх эдийн засгийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн бүтээмж нэмэгдэхээс гадна жилд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртэх хүний тоо 10-22 хувиар буурах тооцоотой.

Трамвайн системийн хөдлөх бүрэлдэхүүн нь аюулгүй байдал, техникийн холбогдох олон улсын стандартын шаардлагуудыг хангасан байх бөгөөд зам дээрх биетийг мэдрэх лидар, радар зэрэг аюулгүй ажиллагааны орчин үеийн системээр тоноглогдсон байх юм.

Түүнчлэн зорчигч тээврийн үйл ажиллагааг хяналт удирдлагын нэгдсэн төвөөс удирдах бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уялдан ажиллана.

Улаанбаатар Трам” төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглах юм. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг байна. 

“Улаанбаатар Трам” төсөл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай нийтийн тээврийн хэрэгсэлд тооцогдож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС