

Эмч, сувилагч нарын цалингийн зөрүүтэй байдлыг арилгах Засгийн газрын шийдвэр албажив
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Эрчимт эмчилгээний ахлах сувилагчаар ажиллаж буй Н.Мөнхбадам бол мэргэжлээрээ 36 жил ажиллаж буй туршлагатай сувилагч. Тэрбээр, 1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай байгаад 2026 оны нэгдүгээр сараас 30 хувиар нэмсэнээр 1.8 сая орчим төгрөгийн үндсэн цалинтай болжээ. Олон жил ажилласан гэдгээрээ 75 хувийн нэмэгдэл авдаг. Гэтэл мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлүүдийг өмнө нь авч байсан 1.4 саяас тооцоолж авдаг аж. Өөрөөр хэлбэл, цалингийн бодолт хийхэд нэмэгдэл болон нэмэгдэл хөлс гэсэн хоёр төрлийн нэмэгдэлтэй байдаг бөгөөд “нэмэгдэл” гэдэгт төрийн албан хаагч, ур чадвар, мэргэжлийн зэрэг, ёс зүйн нэмэгдлүүд ордог бол “нэмэгдэл хөлс” гэдэгт эмч, ажилчдын жижүүрийн хөлс, илүү цаг, шөнө ажилласан нэмэгдэл зэрэг нь ордог гэлээ. Тиймээс эдгээр бүх нэмэгдлүүдийг 2026 оны нэмэгдсэн дүн буюу 1.8 саяас тооцуулах хүсэлтэй байгаагаа Н.Мөнхбадам сувилагч ярив.
Харин Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн эмч Б.Амарбаясгалан энэ салбарт орж ирээд зургаан жил ажиллаж буй залуу эмч нарын төлөөлөл. Тэрбээр, 1.6 сая төгрөгийн нэмэгдээгүй цалингаасаа 16 хувийн нэмэгдлээ тооцуулдаг атлаа татвар зэрэг бусад хураамжуудаа 30 хувиар нэмэгдсэн 2.1 сая төгрөгийн цалингаасаа өгч байгаа нь шударга бус шийдвэр хэмээлээ.
Б.Амарбаясгалан хэлэхдээ “2026 онд эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Гэтэл миний ойлгосноор Засгийн газрын тогтоол гарахад өмнөх тогтоол нь хүчингүй болох ёстой. Гэтэл шинэ тогтоол гарсан ч өмнөх тогтоолоо хэрэгжүүлээд байсан учраас хоёр цалин гэдэг асуудал үүссэн. Засгийн газрын өмнөх тогтоол дээр бүх нэмэгдлүүдийг нэмэгдээгүй цалингаас бодоод илүү цагийг л нэмэгдсэн цалингаас боддог. Ингэхээр гар дээр ирж байгаа цалингаа бодоод үзэхээр 30 хувийн нэмэгдэл гэж харагдахгүй байгаа юм. Тэгсэн атлаа татвар зэрэг бусад суутгалуудаа шинэ цалингаас хасаж бодож байгаа нь шударга бус юм. Бид дэлхийн түвшинд хүрсэн цалин авдаггүй. Гэхдээ ядахдаа ирэх жил гэхэд цалинг 3.5 сая хүргэнэ гэсэн шийдвэрээ хэрэгжүүлээсэй” хэмээв.
Тэд бол хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана хэмээн тангараг өргөсөн 66 мянган эрүүл мэндийн салбарын ажиллагсадын төлөөлөл. Төрөөс яг ийм байдлаар хоёр өөр системээр цалин авч буй 36 мянган хүний төлөөлөл болж сэтгэгдлээ хуваалцсан нь энэ юм. Угтаа цалин нь 30 хувь нэмэгдсэн гэх атлаа нэмэгдэл нь буураад байна гэх гомдол эмч, ажиллагсадаас ирдэг учраас цалингийн энэ ялгаатай байдлыг арилгаж байж цааш, цаашдын нэмэгдлүүдээ шийдэх нь чухал гэдгийг тус төвийн нягтлан бодогч О.Тэгшдэлгэр мөн ярилаа.
Н.Учрал: Нэмэгдсэн цалингаас илүү цаг, жижүүр хийсэн нэмэгдлээ тооцуулна
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн даваа гарагт энэхүү төвд ажиллах үеэрээ хоёр шатлалтай цалингийн асуудлаар салбарын сайд Э.Батшугарт үүрэг өгч, өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа илүү цаг, жижүүр хийсэн нэмэгдэл, ур чадвар зэрэг бүх нэмэгдлээ тооцуулж авах шийдвэрийг албажуулж, тавдугаар сарын 01-нээс хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө. Ерөнхий сайд хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарынхан хуучин, шинэ хоёр цалинтай болоод байсан. Цалин нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг будилааныг арилгаж чөлөөлөв.
Нэмэгдэл олгохдоо нэмэгдээгүй хуучин цалингаас нь боддог. Татвар, шимтгэлийг нэмэгдсэн цалингаас нь авчихдаг. Цалин нэмсэн мөртлөө цалин нь нэмэгдээгүй, гар дээрээ авдаг нь хэвээрээ үлдсэн будилаанаас цагаан нөмрөгтнүүдээ чөлөөллөө.
Эрүүл мэндийн салбарынхан тавдугаар сарын 1-нээс нэмэгдсэн цалингаасаа илүү цаг, жижүүр хийсэн гэх мэт нэмэгдлээ тооцуулж авна. Цаашдаа гурван талт хэлэлцээр болон УИХ-аас баталсан төсвийн дагуу эмч нарын цалин үе шаттай нэмэгдээд явна. Үр дүнд нь эмнэлгийн үйлчилгээ сайжрах ёстой” хэмээлээ. Ерөнхий сайдын тухайд УИХ-ын даргаар ажилласан дөрвөн сарын хугацаандаа орон нутгаар тойрч иргэдтэй уулзсан байдаг. Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхан уулзалт болгон дээр нь үг хэлж, нэмэгдэл нэрээр иргэдээ хуурсан шийдвэрийг цуцлахыг хүсэж байсан аж. Угтаа төр төсвийн сахилга баттай, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед эмч, ажиллагсадын асуудлыг эхлээд анхааръя хэмээж цалинг нь нэмсэн атал очсон газар бүрт дээрдүүлсэн биш дордуулсан асуудал болчихлоо хэмээж байсан учраас энэ асуудлыг судлаж үзсэн гэдгээ хэлж байсан юм. Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын хоёр тогтоолын дунд хохирогч болж, хоёр цалингийн шатлалтай болж, нэмэгдэх бус эсрэгээрээ хасагдсан цалин авч байсан эмч, эмнэлгийн ажилтнуудын асуудлыг шийдвэрлэсэн нь ийнхүү цагаа олсон, олны талархал хүлээсэн шийдвэр болж чадлаа.
“Цалингийн тогтолцоог өөрчлөхөд 150 тэрбумын санхүүжилт шаардлагатай”
Засгийн газраас алх цохиж, шийдвэр албажсан учраас үүнийг төрийн болон орон нутгийн бүх эмнэлгийн байгууллага тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Төрийн энэхүү нэмэгдэлд ордоггүй сумын болон өрхийн эмнэлгүүдийн эмч, ажилчдын цалингийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү боловсронгуй болгох замаар нэмнэ гэдгээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцолж буй.
Тэрбээр, өчигдөр Засгийн газраас алх цохиж шийдвэр гаргасны дараа нэмэгдэл цалингийн зөрчлийг арилгаж, нэг шатлалтай цалинтай болгоход төсвөөс 150 тэрбум төгрөг хэрэгтэй гэдгийг онцлов. Залуу сайд энэ мөнгийг гэхдээ улсын төсвийг тодотгох байдлаар бус салбартаа шинэчлэл, өөрчлөлт хийх замаар буюу цахимжуулснаар хэмнэлт хийж шийднэ гэлээ. Тодруулбал, чиг үүргийн давхардал арилгах, эмнэлгийн стандартыг шинэчилж, зардал өсгөсөн шийдвэрүүдийг нэгтгэх, өмнө хэлсэнчлэн ЭМД-ын тогтолцоонд шинэчлэл хийх, эмийн үнийн хөнгөлөлтийн багцыг оновчтой болгох зэргээр санхүүжилтээ босгоно гэлээ.
Эрүүл мэндийн салбарын цалинг УИХ-аас баталсан төсвийн дагуу энэ онд 75 хувиар нэмэх ёстой. Одоогоор 30 хувь нэмэгдээд байгаа бол ирэх наймдугаар сараас 12 дугаар сарыг дуустал үлдсэн 45 хувийн нэмэгдэл шийдэгдэнэ гэсэн үг. Ингэснээр Н.Мөнхбадам шиг олон мянган сувилагчийн үндсэн цалин 2.4 сая гаруй болж нэмэгдэнэ гэсэн үг. Нэмээд тэдний хүсэж байгаачлан нэмэгдэл, нэмэгдэл хөлс зэрэг нь үндсэн цалингаасаа буюу 75 хувиар нэмэгдсэн цалингаасаа бодогдож, татвар, суутгалаа ч хэл амгүй, хэрүүл маргаангүй авчихдаг болчихвол Б.Амарбаясгалан шиг олон шилдэг залуус хүн ардын эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж, ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр ажиллах боломж бүрдэх учиртай.
Ковидын хүнд хэцүү цаг үед ч улс орныхоо өмнө асар их ачаалал үүрч, эрсдэлтэй нөхцөлд ажилласан цагаан нөмрөгт баатруудынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй явж ирсэн бол энэ удаа алдаагаа залруулж, эрүүл мэндийн салбарын мянга, мянган ажиллагсадын хөдөлмөрийг бодитоор үнэлж, бодлогоор дэмжиж буйгаа ийнхүү нотоллоо. Хүний хөгжлийн үндсэн салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбараа тууштай дэмжиж, хүнд суртлаас чөлөөлнө гэсэн амлалтаа ийнхүү Засгийн газрын шинэ тэргүүн Н.Учрал ажлаа авсан эхний сардаа л бодит шийдэл хийгээд алх цохисон амлалтаараа харуулав.
“Бодлогын энэхүү дэмжлэгийн хариуд эдгээр салбарууд хөгжлийн шинэ шатандаа гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ ахисан түвшинд хүргэж, хүндээ, иргэндээ хүрсэн үйлчилгээ үзүүлээрэй” хэмээн Ерөнхий сайд шийдвэр гаргахдаа хэлсэнчлэн монгол хүний эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээр ажиллаж, салбараа өөд татаж, өөр түвшинд хүргэх нь харин Н.Мөнхбадам, Б.Амарбаясгалан шиг мянга, мянган эмч, сувилагч нарын үүрэг байх билээ.
