И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.16 16:39
114
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ.

Ингэснээр нийслэлийн харьяа 90 мянган ААН харьяа дүүргийн хог ачих компанитай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг E-Geree системээр дамжуулан 100 хувь цахимаар баталгаажуулах боломжтой.

Тодруулбал, хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business системд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх хүсэлт гаргах бөгөөд тухайн хүсэлт харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдах юм. 

Дүүргийн мэргэжилтэн тухайн хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтэрнэ. Ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан гэрээг нэг хоногт багтаан цахимаар баталгаажуулж, хог ачуулах төлбөрөө төлнө. 

Хог хаягдал тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжсэнээр гэрээ сунгах хугацаанаас хоцрох, олон хуудас цаас үйлдэх асуудлыг бүрэн халж, хог ачуулах ААН, дүүрэг тус бүрийн хариуцсан мэргэжилтнүүд, хог ачих компани цахим орчинд хурдан шуурхай, ил тод ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. 

Ташрамд, E-Geree цахим баримт бичгийн системийг өнөөдрийн байдлаар 210 мянган хувь хүн, 5300 хуулийн этгээд, 22 төрийн байгууллага (яам, агентлаг, тамгын газар) баримт бичгийн харилцаагаа илүү хурдан, найдвартай болгох зорилгоор ашиглаж байна.

Нийслэл хотын хэмжээнд хог ачуулах 90 мянган байгууллага, хог ачих 35 орчим байгууллага жилд дунджаар 200 мянган удаагийн гэрээ байгуулдаг.

Энэхүү гурван талт гурван хуудас цаасан гэрээг зөвхөн нэг удаа цахим орчинд баталгаажуулж, хадгалснаар жил бүр 810 мянган хуудас цаас, түгжрэл, принтерийн хор зэргийг хэмнэж 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлэх юм.

ААН хог ачуулах гэрээг E-Geree системээр дамжуулан баталгаажуулах заавар