Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
98
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо.

Үүний талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн цахим хуудаснаа "ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр миний даргалдаг Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргууллаа.

Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Өөрийнх нь улстай холбоотой хэрэг хэлэлцэх үед оролцож болохгүй, шийдвэрийн төсөлд санал өгөх эрхгүй, бусад гишүүдтэй ч санал солилцох ёсгүй гэсэн хатуу дэг журамтай тул Монголтой холбоотой шийдвэрийг ч уншиж танилцуулах боломжгүй. Тиймээс хорооны Ерөнхийлөгчийн хувьд бусад 16 хэргийн шийдвэрийг би танилцуулж, харин хорооны дэд ерөнхийлөгч Замби улсын парламентын гишүүн Харри Камбони Монголын парламентчтай холбоотой хэргийн шийдвэрийг зарлав.

Уг шийдвэрээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо.

Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасныг танилцууллаа.

Энэ удаагийн хурлын үеэр парламент руу дайрах нь ардчилал руу дайрч буй хэрэг. Хамтдаа арга хэмжээ авч, дуу хоолойгоо өргөх нь зөвхөн хувь парламентын гишүүдийг хамгаалж буй хэрэг биш харин ардчиллын зарчмыг хамгаалж байгаа асуудал гэдгийг онцолж байна" гэв.