

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалж байгаа ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдээр хэлэлцүүлж, саналыг авч байгаа билээ. "Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал" сэдвээр хоёрдахь удаагийн хэлэлцүүлэг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 09.00 цагт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд болно. Монгол Улсад мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бодлогын түвшинд дахин үнэлгээ хийж, тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Нийгэм, эдийн засгийн орчин өөрчлөгдөж, төрийн өмчийн удирдлагын үр ашиг, ил тод байдалд тавигдах шаардлага нэмэгдэж буй энэ үед хуулийн хэрэгжилтэд илэрч буй сул талуудыг засах цаг болсон. Одоогийн хуульд өмчийн ангилал тодорхой бус байгаагаас хариуцлагын тогтолцоо сулрах, өмчийн ашиглалт үр ашиггүй болох нөхцөл бүрдэж байна. Ялангуяа нийтийн эзэмшлийн дэд бүтэц, газар зэрэг өмчийн эзэмшил, ашиглалтын асуудал тодорхойгүй хэвээр байна. Мөн Нийтийн өмчийн бүртгэл, ашиглалтын мэдээлэл бүрэн ил тод биш, нэгдсэн мэдээллийн сан дутмаг байгаа нь олон нийтийн хяналтыг сулруулж байна гэх мэт олон талт шүүмжлэл өрнөсөөр байгаа. Суурь хуулийн шинэчлэлийг энэ парламент эхлүүлж байгаагаараа онцлог юм. Нийтийн өмчийг үр ашигтай, ил тод, хариуцлагатай удирдах тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, засаглалын чанарт шууд нөлөөтэй. Иймд хуулийн шинэчилсэн найруулгад бодитой, зоримог өөрчлөлт хийх нь цаг үеийн шаардлага болоод байна.
