“Цахим Дундговь”, “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 сумын эрүүл мэндийн төвд Старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун төхөөрөмжийг гардуулан өгөх үеэрээ 2026 оныг “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил” болгон зарласныг онцолж, “Хүний нөөцийг дэмжих” болон “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж буй их эмч нар болон үндсэн, төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй эмч нарт сургалтын төлбөр, дэмжлэг үзүүлж байгааг танилцууллаа. Мөн эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэв.
Сумдын эрүүл мэндийн төвүүд Старлинк төхөөрөмжтэй болсноор шилэн кабельд холбогдоогүй алслагдсан багуудад, мөн үүрэн холбооны сүлжээ хүрээгүй бүсэд ч өндөр хурдны интернэт ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.