

ЗГ шинээр байгуулагдаж, Ц.Сандаг-Очир БОУАӨ-ийн сайдаар томилогдсон даруйд Туулын хурдны зам төсөлтэй танилцаж, хуулийн дагуу менежментийн төлөвлөгөө гаргуулаагүй хэмээн энэ сарын 15-нд зогсоосон. Харин хоёр өдрийн өмнө буюу энэ сарын 20-нд бүрдүүлэлт бичиг баримтаа гүйцээж, хуулийн дагуу болгосон тул уг төслийг эхлүүлсэн гэж мэдээлсэн юм.
Харин өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар дахиад зогсоож байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү Засгийн газар долоо хүрэхгүй хоногийн дотор гурван ч удаа эргэж буцсан шийдвэр гаргаж байгааг нь ард иргэд хэрхэн ойлгох вэ. Өөрийн гэсэн толгойгоор ултай суурьтай шийдвэр гаргав уу, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг онилсон улс төрийн шийдвэр үү. Алин нь ч байсан туйлбаргүй, эргэж буцсан энэхүү шийдвэрүүд нь иргэдийн ЗГ-т итгэх итгэлийг унагаж байна.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг "Ерөнхий сайд болон Засгийн газарт олон нийт, эрдэм шинжилгээний байгууллагууд, улс төрийн намуудаас ирж байгаа шаардлага, гомдол, өргөдлийн мөрөөр иргэдийн эргэлзээ тээнэгэлзээг арилгах хүртэл хугацаанд буюу нэр холбогдож байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн шийдэх хүртэл Туулийн хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргалаа" гэсэн. АТГ-аас тодруулахад "Туулын хурдны замтай холбоотой тухайлсан хүний нэр ус дурдаагүй гомдол ирсэн" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Тулга "Үе үеийн ЗГ, төрийг удирдаж байгаа намуудын мөрийн хөтөлбөрт туулын хурдны зам байсан. Тиймээс хууль зөрчсөн юм байвал засаад явах л ёстой. Сошиалаар зохион байгуулалттай нийслэлийн хийсэн ажлыг эсэргүүцдэг үйлдэл гарч байна. Үүнийг бид дүгнэхгүй, мэргэжлийн хүмүүсийх нь хэлсэн ярьсныг харсан. Гэтэл сошиал дээр эсэргүүцэж байгаа хүмүүс гарч ирсэн.
Хэрэв тэр хүмүүүс мэддэг юм бол мэргэжлийн инженерүүд байгаад яах юм. Нийслэлийн хурал шийдээд, нийслэлийн мөрийн хөтөлбөрт орсон зүйлээ нийслэл явуулж чадахгүй их хурал, ЗГ дээр үүнийг нь гацаах юм бол бид цаашид сумын хэмжээний төсвийг ч их хурал дээр ярих юм уу" гэсэн юм.
Ийнхүү Улаанбаатарчууд утаа, түгжрэлээс салах гэж толгойгоо гашилгаж байхад Туулын хурдны зам ч мөн урагшлах гэж, улс төржилтийг давах гэж ядаж байна.
Улсын их хуралд ч тэр, нийслэлд ч тэр МАН олонхи болж, дангаараа засаглаж байгаа ч ЗГ нь нийслэлийнхээ ажлыг үгүйсгэж, зогсоож байна. Нийслэлийн сөрөг хүчин ЗГ болов уу гэлтэй.
