

Манай улсын татварын тогтолцоо, нэр нь үл дуусах зөвшөөрөл, хяналт шалгалт энэ улсад бизнес эрхлэгчдийн хоолойг боож, хавчин шахаж байгаа нь гарцаагүй үнэн.
Гэсэн атлаа улстөрчид нь эдийн засгийн солонгоруулж, ДНБ-ийг нэмэгдүүлнэ гэх хоосон амлалтыг сонгуулийн дөрвөн жилийн циклд амны уншлага мэт давтана.
Үнэн хэрэгтээ эдийн засгийн өсөлтийг тэд биш "БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, БАЯЛАГ БҮТЭЭГЧИД" бий болгодог юм.
"Gate" сүлжээ рестораны үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан цахим хуудастаа дараах мэдээллийг нийтэлсэн байв.
Ингэхдээ “Gate" 4 доор Караоке ажиллуулж байлаа, тусгай зөвшөөрөлтэй, бүх юм ном журмаараа.
Хөөрхөн ашиг орлоготой хэдий ч шөнө орой согтуу хүмүүсийн асуудлаас залхаж "Биллиард" болгосон. Өмнөх тусгай зөвшөөрлөөрөө явж болно гээд тоолгүй хаяжээ. Гэтэл заавал дахиж тэр 9 эрүү шиг процессыг туулж дахин тусгай зөвшөөрөл авах ёстой байж.
Тэгээгүй гээд 5 саяар торгуулаад, хамаг уух юмаа хураалгаад гарч ирлээ. Бага мөнгө биш шүү дээ. Огт зөвшөөрөлгүй бол яая гэхэв, дэндүү шударга бус. 100 гаран ажлын байр байна.
Хангалттай их татвар хариуцлагатайгаар төлж байна. Би зүгээр л гомдож байна” гэж бичжээ.
Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мянга мянган бизнес эрхлэгчдэд тохиолдож буй нэг л жишээ юм. Тусгай зөвшөөрөл, хяналт шалгалт, төрөл бүрийн татварын дарамт баялаг бүтээж буй цөөн иргэдээ туйлдуулж байна, тэд ядарч бас бууж өгч байна.
Иймдээ ч хаалгаа хааж буй ААН-үүдийн тоогоор монголын эдийн засаг хумигдаж бас уруудаж байна. Үүнийг үнийн өсөлт гэрчилнэ.
Ажлын байр бүтээж, төсвийн орлого бүрдүүлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа энэ хүмүүсийг дэлгэцийн цаанаас биш дэргэдээс нь дэмжиж, чөдөр тушаанаас нь салгана уу" гэжээ.
Эx Сурвалж: Erennews.mn
