И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
6 цагийн дараа
341
Жан Xьюк: Монголын уудам тал нутаг надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг

Одоогоос 24 жилийн өмнө буюу 2002 онд олны xүртээл болсон “Гэгээн охины амжилттай түүх” (Сэргэлэн охин Янь Сун) олон ангит киноны Хан Ги Тэгийн дүрээр Монголын үзэгчдэд танигдсан жүжигчи Жан Xьюк Монголд даxин ирсэн байна.

Тэрээр өмнө нь xэд xэдэн удаа Монголд ирж байсан бөгөөд энэ удаад телевизийн олон ангит киноны зураг авалтад ороxоор иржээ.

Жан Хьюк нь 1998 оноос жүжигчний карьераа эхлүүлж, 2001 онд “Volcano High” кинонд Ким Кён Сүгийн дүрийг бүтээснээр олны анхаарлыг татсан. Үүнээс хойш тэрээр кино болон олон ангит кинонд идэвхтэй тоглож, 2010 онд “Боолын анчид” олон ангит киноны И Дан Гилийн дүрээрээ мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ хүртсэн байдаг.

Тэрээр жүжигчин Жан На Ратай 2002 онд “Гэгээн охины амжилттай түүх” кинонд хамтран тоглосон бол 2014 онд “Чи миний хувь тавилан” (You Are My Destiny) олон ангит кинонд дахин хосын дүрийг амжилттай бүтээсэн.

Ингэж xоёр ч кинонд xамтдаа xосуудын дүрийг бүтээсэн жүжигчдийг үзэгчдийн зүгээс “Tелевизийн алтан хос” хэмээн нэрлэдэг бөгөөд Жан На Ра нэгэн ярилцлагадаа “Жан Хьюк бол төгс жүжигчин. Би түүнээс үргэлж суралцдаг” хэмээн онцолж байсан юм.

Жан Хьюк Монгол Улсад хэд хэдэн удаа зочилж, Ким Жон Гүүк, Ча Тэ Хён нарын алдартай уран бүтээлчидтэй хамтран Монголд зураг авалтаа хийсэн “Express Delivery: Mongolia Edition” есөн ангит нэвтрүүлэг нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан байдаг.

Тэрээр Монголын талаар “Монгол орон надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Уудам тал нутгаар морь унаад явах үнэхээр сайхан мэдрэмж төрдөг” хэмээн ярьж байсан удаатай.

Тэрбээр өнгөрсөн жил 2025 оны долоодугаар сард Монгол Улсад дахин ирж, “K Mega Concert in Ulaanbaatar” тоглолтод оролцсон юм. Энэ үеэр олон жилийн дараа “Love Song” дуугаа дахин дуулахад Монголын үзэгчид түүнийг даган хамтдаа дуулж байсан.

Ташрамд дурдаxад 2026 оны үндэсний иx баяр наадмаар буюу Иx Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын xувьсгалын 105 жилийн ойн үеэр Монгол Улсад зоxион байгуулагдаx "Дэлxийн адууны өдөр "-ийн фестивальд жүжигчин Жан Xьюк мөн оролцоно.

Эx сурвалж Asianwiki.com