Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.28 17:11
213
Хүүхдийн хоолны салбарт төр-хувийн хэвшлийн уялдааг нэмэгдүүлэх нь чухал байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Хоол үйлдвэрлэлийн хэлтэс болон холбогдох албаны төлөөллүүд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол хүнсний хангамж, тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 900 сургууль, 1,399 цэцэрлэгт хүүхдийн хоол, шим тэжээлийн үйлчилгээ үзүүлж, 350 мянга гаруй сурагч, 227 мянга гаруй цэцэрлэгийн хүүхэд хамрагдаж байгаа нь энэ салбарын хамрах хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.

Хурлаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хоол тэжээлийн боловсрол олгох, чадавхжуулах сургалтын төв байгуулах, орон нутгийн оролцоо, олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж буйг онцоллоо.

Боловсролын яам болон КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ШУТИС-д түшиглэн “Хүүхдийн хоолны шим тэжээлийн судалгаа, сургалт, арга зүйн төв”-ийг байгуулсан байна.

Тус төв нь боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, боловсролын үйлчилгээнд оролцогч талууд болох удирдлага, багш, ажилтан, суралцагчид, эцэг эхчүүд, хүнс ханган нийлүүлэгчдэд хоол, шим тэжээлийн боловсрол, мэдлэг олгох цогц орчныг бүрдүүлжээ.

Үүнээс гадна эрдэмтэн, судлаач, оюутнуудад дэвшилтэт технологид суурилсан сургалт, судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломжийг бүрдүүлсэн нь хүүхдийн эрүүл, зөв хооллолтыг дэмжих, боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.


Мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд сургуулийн үдийн хоол хөтөлбөрт бүх сурагчийг бүрэн хамруулах, “Сүү” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг цогц шийдлийг хэрэгжүүлэхэд төрийн бодлогын дэмжлэг, санхүүжилтийн тогтвортой орчин, эрх зүйн зохицуулалтыг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг талууд тэмдэглэлээ.


Ялангуяа хүүхдийн хоол хүнсний хангамж, аюулгүй байдлыг зөвхөн салбарын асуудал бус үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийн бодлогын нэг хэсэг гэж үзэж, төр-хувийн хэвшил-олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурласан бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолсон юм.