

Гадаадын иргэн харьяатын газрын мэдээлснээр энэ сарын 28-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ. Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон.Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.

