

Ардчилсан намын дотоод шинэчлэлийн хүрээнд улс төрийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орон даяар өрнөж буй энэ цаг үед Сонгинохайрхан дүүрэгт бодит шинэчлэл, манлайллын шинэ давалгаа хүчтэй мэдрэгдэж эхэллээ.
Сар гаруйн өмнө Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, туршлага, мэдлэг, чадвараараа үнэлэгдсэн, Ардчилсан намын тод төлөөлөл П.Галиндэв сонгогдсон нь намын гишүүдийн итгэлийг нэгтгэж, дүүргийн улс төрийн уур амьсгалд шинэчлэлийн салхи оруулсан онцлох үйл явдал байлаа. Түүний сонгогдсон мөчөөс эхлэн гишүүд, дэмжигчдийн дунд шинэ итгэл, шинэ хүлээлт бий болж, намын ирээдүйг илүү өөдрөгөөр харах уур амьсгал бүрэлдсэн юм.

Шинчлэлийн үргэлжлэл болгон намын дэд дарга нараар Э.Дэлгэрмаа, Ж.Энхтүвшин, Д.Хишигбаатар нарын бэлтгэгдсэн шинэ лидерүүд сонгогдсон нүдээ олсон сонголтууд байлаа. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын төлөөлөл бүхий нийт 21 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй хүчирхэг удирдлагын баг бүрдсэн нь Сонгинохайрхан дүүргийн хувьд улс төрийн жин, бодлогын чадамж, төлөөллийн цар хүрээг шинэ түвшинд хүргэсэн үйл явдал хэмээн үнэлэгдэж байна.
Тэргүүлэгчдийн анхдугаар хурал өчигдөр болж, тус дүүргийн намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах, дотоод гал тогоог эмхлэн цэгцлэх, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх стратегийн асуудлуудыг хэлэлцсэн нь шинэ баг ажил хэрэгч, хариуцлагатай зарчмаар хөдөлж эхэлсний илэрхийлэл боллоо.
Энэ хүрээнд намын бүтэц, зохион байгуулалтын гол зангилаа нэгж болох Хэрэг эрхлэх газрын даргаар Т.Төрмөнх сонгогдон нь онцлох шийдвэр байв. Түүний хувьд боловсрол, мэргэжлийн ур чадвар, улс төрийн туршлага, манлайллын зангарагаараа хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл бөгөөд намын шинэчлэлийн бодит хэрэгжилтийг хангаж, дотоод зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах чухал үүргийг хүлээж байна.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын удирдлагад боловсролтой, чадвартай, туршлагатай, улс төрийн жинтэй төлөөллүүд төвлөрч эхэлсэн нь зөвхөн дотоод шинэчлэл төдий бус, улс төрийн соёл, бодлогын шинэчлэл, хариуцлагын шинэ үеийг эхлүүлж буй бодит алхам хэмээн харагдаж байна. Ийнхүү Сонгинохайрхан дүүрэгт өрнөж буй энэхүү шинэчлэл нь зөвхөн бүтэц, албан тушаалын өөрчлөлт бус, харин иргэд рүү чиглэсэн итгэлцэл, манлайлал, эв нэгдэл, хариуцлагын шинэ эрин үеийн эхлэл болон тодорч байна. Сонгинохайрхан дүүрэгт Ардчиллын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлж, хувь хүний улс төр, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалсан бодит бодлого явуулж чадах баг бүрдлээ гэсэн итгэд найдвар төрүүлж байна.


