

Өнөөдөр буюу 2026.05.04-ний өдөр "Шилдэг татвар төлөгч"-дөд шагнал гардуулах ёслол Төрийн ордны “Баганат” танхимд болов.
Энэ үеэр Ерөнxий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн татвар төлөгчдөд xандан үг xэлэв.
Тэрээр" “Эрхэм хүндэт баялаг бүтээгч, татвар төлөгчид өө,
Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн татвар төлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болсон Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Та бүхэн бол монгол хүнд хийх ажил, авах цалин олгогчид, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, Монголын хөгжлийн хөдөлгүүр юм.
Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч Та бүхний мөнгө л бий. Та бүхний төлсөн татвараар улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдад цалин хөлс олгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, зам, дэд бүтэц бүтээн байгуулдаг.
Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол татвар төлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, ирээдүйг өнөөдөр бүтээлцэж буй иргэний өндөр үүрэг хариуцлага юм.
Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэнд саад болсон хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” бодлого дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын эрхэм зорилго нь улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгахад оршиж байна.
Засгийн газрын Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүйн чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт бүгд баялаг бүтээгчид, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хүн бүхэнд хаяглан зориулсан бодлого юм.
Эрхэм хүндэт татвар төлөгчид өө,
Та бүхний төлсөн татвар зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах төсвийн орлого зарлаг бус маргаашийн Монголыг бүтээж буй их үйлс юм.
Та бүхний хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн татварын нэг төгрөг бүрийг гамнаж хэмнэж, үр дүнтэй, өндөр бүтээмжтэй, ухаалаг зөв зарцуулж, төсвийн сахилга батыг сахиулахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно.
Татвар төлөгчдөө хүнд суртал, ачаа дарамт, илүү их хийж бүтээх хүслийг хяслаас чөлөөлж, эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэсэн татварын хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулан, Улсын Их хуралд өргөн барина.
Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан Монголоо бүтээгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
