m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2026.05.06 15:15
301
Буддын гүн ухаанд суралцах хүсэлтэй хүүхэд багачууд, ламхай нар тав тухтай орчинд суралцах боломжтой боллоо
Аравдугаар Богд Жавзандамба хутагт Монгол орондоо заларсан нь олон сайн сайхан үйл явдлын эхлэл болж, эерэг нөлөөллийг бий болгож буйн бас нэгэн тод жишээ нь нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар дунд сургууль анх удаа өөрийн гэсэн стандартад нийцсэн байртай болж, сургалтын тухтай орчин бүрдсэн явдал боллоо.
Улмаар Аравдугаар Богд Гэгээний төрсөн өдрөөр тус сургууль нээлтээ хийсэн бөгөөд Шинжлэх ухааны мэдлэг болон уламжлалт Буддын гүн ухааны боловсролыг хослуулан олгодог энэхүү сургууль өмнө нь стандартад нийцсэн зориулалтын байргүй үйл ажиллагаа явуулж байсан юм. Сургуулийн шинэ байрыг суралцагч бяцхан ламхай нарт зориулан тав тухтай, эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй орчин бүрдүүлэн орчин үеийн шийдлээр байгуулсан байна.
Мөн тус сургууль нь үндсэн хичээл сургалтынхаа зэрэгцээ лам хүүхдүүдийг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн суралцаж, өөрсдийгөө олон талаар хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах ажээ.
Ийнхүү 112 дугаар сургууль шинэ байртай болсноор Буддын гүн ухаанд суралцах хүсэл тэмүүлэлтэй хүүхэд багачууд, ламхай нарт илүү чанартай боловсрол эзэмших, тэгш боломж бүхий сургалтын орчинд суралцах шинэ үүд хаалга нээгдэж байна.