m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн дараа
228
Өдрийн сурвалжилга: Мах үнэтэй байгаагаас авч чадалгүй харж байгаад гарч ирлээ

Жилийн жилд хавар махны үнэ тэнгэрт хадаж, иргэд нь мах шөлтэй хонохын тулд хямд махны эрэлд гардаг. Гэвч энэ жилээс махны үнэ урьд жилийнхээс илүү үнэд орж,  хонины махны нийлүүлэлт муу байгаагаас үнэ өссөн талаар худалдагчид хэллээ. 

Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр энэ сарын 4-ний байдлаар ястай үхрийн мах 32 мянга, хонины мах 25 мянга төгрөг байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1%-аар нэмэгджээ. Тэгвэл бодит байдал дээр хүчит шонхор махны захад үхрийн мах кг нь 35 мянган төгрөг, хонины махны үнэ  30 мянга дотор байна. 

Нэг хонины гуя жинлүүлэхэд л 120 мянган төгрөг болж байгааг бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 769 мянган төгрөгтэй харьцуулахад зургаан гуяны мөнгө болж байна.

Зургаан хонины гуяыг хэдэн өдөр идэх вэ, гэтэл ахмадуудад мах авахаас гадна  түлээ түлш, байр, тог, усны төлбөрөө төлөхөөс  гадна эм тариа гээд бишгүй их зардал гарна. Гэтэл авдаг хэд нь хаанаа ч хүрэхгүй байгааг ахмадууд учирлалаа. Ямар сайндаа мах авах гэж зах дээр ирээд мөнгө нь хүрэлгүй харж зогсч байгаад гарч байгаагаа хэлж байна. 

Иргэн: Үхрийн мах 1кг нь 33мянгатай, хонины мах 23мянга байна. Гадуур мах их ховор, хонины мах олдоц бага байна. Баянхошууны малчдын мах зардаг газар дээр байгаа мах нь муу олигтой мах алга. Үхрийн гурав дөрвөн удаа чанаж идэх шинэ махаа 320 мянган төгрөгөнд авлаа.

Иргэн: Мах аймшигтай үнэтэй байна. Мах идэхгүй байхыг уриалж байна. Ногооны үнэ арай гайгүй байна. Тэтгэврийн хэдэн төгрөгөө мах ногоо хүнсэндээ л зарцуулж байна. Өвдөх эрхгүй л амьдарч байна.

Иргэн: Мах авах нөхцөл алга их үнэтэй байна авч чадалгүй харч байгаад гараад ирлээ.

Иргэн: Үхрийн мах 33мянгатай байна. Хонины мах олдохгүй, бусад бараа бүтээгдэхүүний үнэ бас нэмэгдэж байна. Зээлтэй хүмүүс амьдрахад бүр хэцүү иргэд бидний амьдрал улам л доошилж байна. Гуйлга гуйчихгүйхэн шиг л үр хүүхэд олны хүчинд явж байна.