Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
237
Монгол мөрөөдөл: Ипотекийн зээлд хамрагдах юмсан

Орон сууц бол хүний наад захын энгийн хэрэгцээ байх ёстой. Гэвч манай улсын хувьд орон сууцтай болох ипотекийн зээлд хамрагдана гэдэг бараг л биелэгдэшгүй монгол мөрөөдөл болсон. Эсвэл танил талтай хэсэг бүлэг нь хэд хэдэн удаа  хамрагдаад, яг зорилтот бүлгийн иргэддээ хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрээд байна.

Хамгийн ойрын жишээ татахад, Энэ оны эхний 4 сарын байдлаар 187 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулахаар болсон. Гэвч иргэдийн зүгээс 5.5 их наяд гаруй төгрөгийн зээлийн хүсэлтийг ирүүлжээ. Ингэснээр мэдээж ипотекийн оочир дараалал, хүлээлтийн хугацаа уртасна.

Бараг л иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгснөө мартсаных нь дараа хариу нь ирдэг болсон. Ийнхүү бага, дунд орлоготой иргэдийн орон сууцанд амьдрах хүсэл биеллээ олж чадахгүйд хүрч байна.

Гэвч Монголбанк энэ онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх мөнгө хэвлэхгүй, бонд гаргахгүй, тус зээл хумигдах болсныг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ипотекийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг л санхүүжилтийн эх үүсвэр болгох юм.

Магадгүй иргэдийн ипотекийн зээлд хамрагдах монгол мөрөөдлийг биелүүлэх гарц, гаргалгаа нь гэр хорооллын дахин төлөлвлөлт байж болох.

Жишээ нь, Сэлбэ дэд төв юм. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд орон сууц барьж буй.

"Нийт 8,575 айлын 113 блок орон сууц барихаас эхний ээлжийн 3,818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Тус орон сууцны нэг м.кв талбайг дунджаар дөрвөн сая төгрөгөөр тооцож, худалдан борлуулахаар төлөвлөжээ.

Ипотекийн зээлийн журмыг эцэслэнэ гэдгийг “Сэлбэ–20 минутын хот” төслийн маркетингийн албанаас мэдээлсэн. Одоогийн байдлаар эмч, багш зэрэг нийгмийн зарим салбарын ажилтнуудад 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл олгох зэрэг урьдчилсан мэдээлэл яригдаж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 12 мянган нүхэн жорлон, 15.6 мянган утаат яндан устаж, агаар орчны бохирдол бодитоор буурна. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлснөөс хойш судалгаа хийхэд тухайн орчинд өнөөдрийн байдлаар тоосжилт PM2.5-ын үзүүлэлт 1.6 дахин багассан байна. Цаашид гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувь, хөрсний бохирдол зургаан хувиар буурахаар тооцоолсон. Мөн хотын төвд төвлөрсөн орон сууц үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү саармагжуулснаар төвлөрлийг 4.2 хувь хүртэл бууруулах судалгаа гараад байгаа юм.

Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлт дээрх олон асуудлыг шийдэх гарц, гаргалаа болоод байна.