

ХААН Банк Сангаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн төсөл хөтөлбөрүүд болон энэ жил шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хамтрагч талуудтай санамж бичиг байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТВ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн ойн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөллүүд оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ харилцан ойлголцлын санамж бичгүүдийг үзэглэлээ.
2026 онд ХААН Банк 11 төсөл хөтөлбөрт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь өнгөрсөн оноос 4 дахин цар хүрээ нь өргөжсөн үзүүлэлт юм.
Талуудын хамтран хэрэгжүүлж буй төслүүд нь дараах үндсэн чиглэлүүдэд хэрэгжихээр төлөвлөөд байна.
Эрүүл мэнд
Уламжлал болсон эрүүл мэндийн аянуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймагт, харин “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Завхан, Архангай, Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж, талууд гарын үсэг зурлаа.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон МҮОНРТ-тэй хамтран 2017 оноос хойш 21 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв болон МҮОНРТ-тэй хамтран өнгөрсөн 15 жилийн хугацаанд тууштай хэрэгжүүж буй билээ.
Боловсрол
Мөн алслагдсан бүс нутгийн хүүхдүүд гэр бүлийнхээ дэргэд, чанартай боловсрол эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлж буй “Багийн бага сургууль” төслөө үргэлжлүүлэхээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Өнгөрсөн онд бид алслагдсан бүс нутгийн 4 байршилд эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургууль байгуулсан бол 2025 онд мөн хэрэгцээ шаардлагатай газруудад үргэлжлүүлэн сургууль барихаар хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан уриалж байна.
Спорт
2021 оноос хойш орон даяар зохион байгуулж буй “KHAN CUP” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд орон нутаг, бүс, улсын аварга шалгаруулах шат дараалсан тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна дасгалжуулагч, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн багийн дасгалжуулагчдын сургалтыг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Байгаль орчин
2007 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж буй “ХААН Банкны ой” хөтөлбөрийг энэ онд тууштай үргэлжлүүлж, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ аймагт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Тус хөтөлбөр нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй, тарьсан моддыг гурван жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд арчилж, нөхөн сэргээлтийн үр дүнг баталгаажуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлдгээрээ онцлог юм. ХААН Банк 2025 онд тогтвортой байдлын стратегиа баталж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх 20 зорилтыг тодорхойлсны нэг нь нийт 5 сая ширхэг мод тарих амлалт юм.
Мөн 2026 онд ХААН Банкны 35 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой “ХААН Гарден” төслийг Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хэрэгжүүлэх бөгөөд иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгальд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
ХААН Банк хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд үүсгэн байгуулсан. 2025 оны байдлаар нийгмийн бүхий л салбарт бодит үр дүнгээ өгөхүйц 530 гаруй төсөл, хөтөлбөрийг 27,7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлжээ. Энэ бүх төслийг үр шимийг Монгол орон даяар 528 мянган хүн хүртээд байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 6 хүн тутмын 1-д ХААН Банкны нийгмийн хариуцлагын ажил хүрсэн байна.

