

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжсэн. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаасан.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль харамсалтай нь уналаа. Залуу гишүүний хувьд анхны бие даан өргөн барьсан хууль юм.
Бид УИХ-д ажлыг урагшлуулах гэж, хууль эрхзүйн орчныг сайжруулах гэж орж ирсэн. Тухайлбал, Газрын тосны үйлдвэр эхлээд 8 жил болж байхад ашиглалтад ороогүй, дөнгөж 28 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас болоод нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж, маш их хүндрэлтэй нүүр тулаад буй. Одоо хаврын тариалалт эхэлчхээд байна. Нефтийн бүтээгдэхүүн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй маш их холбоотой байдаг. Хоёрт, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал. Бид яагаад баруун таван аймгийнхаа эрчим хүчийг өөрсдөө хангаж болдоггүй юм бэ. Мөн Сэлбэ дэд төвийн асуудал байна. Гэр хорооллын 10 мянган айлыг орон сууцад шилжүүлээд агаар орчны бохирдол, түгжрэлийг шийдэх энэ том төсөл яагаад унаж байгаа юм бэ.
Гэр хорооллыг байшин хороололд шилжүүлж байж л утаа, түгжрэлээс сална.
Гэтэл яагаад ингэж байгааг ойлгохгүй байна. Би үүнд улс төр орчихлоо гэж харж байна. Бид чөтгөрийн тойрогт орчихлоо. МАН болон бусад улстөрийн хүчнүүд 2024 оны шат шатны сонгуульд мега төслүүдийг ярьж орсон. Барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед хууль эрхзүйн орчныг нь нээж өгье. Дахин төлөвлөлтийн хүрээнд төр эхлээд мөс хагалж өгөхгүй бол явахгүй байна. Өмнө нь 2012 онд эхлүүлж байсан дахин төлөвлөлтийн асуудал дэд бүтэц, санхүүжилт босгож төр оролцоогүйгээс болоод чадаагүйгээс болоод зогссон. Цаашид зээлээ ашиглаж чадахгүй ингээд хий хүү төлөөд өрийн таасанд баригдаад байж байна” гэлээ.
