Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
128
Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн “Айцын ам”-д мод тарилаа.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар нээж үг хэллээ.

2026 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэн, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит алхмуудыг хэрэгжүүлж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, албан хаагчид, Засаг даргын Тамгын газрын албан хаагч, Хороодын Засаг дарга нар, Дүүргийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагч, нийт 34 байгууллагын 1,824 албан хаагч, 9,095 ширхэг мод тарьж, арчлалт усалгааны ажилд оролцлоо.

2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагууд татварын 1 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна байгаль орчны нийгмийн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.

Харин иргэд, олон нийтийн хувьд мод тарих үйлсэд гэр бүлээрээ оролцон цэвэр агаарт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхэд багачуудад байгаль хамгаалах зөв дадал төлөвшүүлэх, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.