

Уран барималч, зураач Өлзийбаярын Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Урлаг хэмээх зүйл хүний сэтгэл, ухамсарт хэрхэн “халдварлаж”, дотоод ертөнцийг өөрчлөх хүчтэйг уран сайхны хэлээр илэрхийлэхийг тэрээр зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Мод, чулуу, төмөр болон холимог техник ашиглан бүтээсэн уран баримлуудаараа эх орон, эрх чөлөө, өвөг дээдэс, өв соёлоо эрхэмлэх үзэл санааг хөндсөний зэрэгцээ хүн бүрийн нийтлэг хүсэл мөрөөдөл, харилцан хүндлэл, оршихуйн үнэ цэнийн тухай өгүүлжээ.

Ө.Бүрэнжаргал нь СУИС-ийн Дүрслэх урлаг, дизайны сургуулийг уран барималч мэргэжлээр төгсөж, төрийн захиргааны удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд соёл, урлаг, боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй. Төрөл бүрийн материалыг өвөрмөц шийдлээр хослуулж, орчин үеийн мэдрэмж, гүн утга санаа шингээсэн уран бүтээлүүдээрээ салбартаа танигдсан тэрээр өмнө нь “Political Value”, “Хайр”, “Цахирмаа”, “Монголжингоо” зэрэг бие даасан үзэсгэлэн гаргаж байсны дээр “MN Art Fair”, “Уран баримал-2023”, “Оны шилдэг” зэрэг хамтарсан үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож байжээ.
Уран барималч Ө.Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2026 оны 6-р сарын 6-ныг хүртэл үргэлжлэх тул урлаг сонирхогч та бүхнийг морилон саатахыг хүсье.





