

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, багийн эзэд, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа.
Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.
Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.




Монголын сагсан бөмбөгчид улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байгаагийн дотор “Хасын хүлэгүүд” баг Япон, Солонгосын лигийн аваргуудыг удаа дараа хожиж, Ази тивдээ шилдэг баг болсныг онцоллоо.
Энэ нь монголчууд багийн спортоор амжилт үзүүлж чадна гэдгийг олон улсад харуулж буйн тод илрэл гэдгийг хэллээ.
“Хасын хүлэгүүд” баг:



Багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, 1 Гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарсан бөгөөд Лигийн 10 удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн болж, 22 жилийн турш медалийн буухиагаа үргэлжлүүлж байна.
“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд Инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг. Мөн Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд” академиар дамжуулан залуу үеэ бэлддэг юм.





