m.mn
түрүүлж мэдээлнэ
Уран зохиол
2026.05.18 10:05
233
Хүүхдэд зориулсан ном бүтээлийн чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Үндэсний номын баярын үеэр Боловсролын яам болон Монголын Зохиолчдын Эвлэл хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Тус Санамж бичгээр талууд хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэх, хүүхдэд зориулсан ном бүтээлийн чанарыг сайжруулах, хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн агуулга, хэл найруулгыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Санамж бичгийн хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйд нийцсэн чанартай уран зохиолын бүтээлийг дэмжих, хүүхдэд зориулсан ном бүтээлийн агуулга, хэл найруулга, хүмүүжлийн ач холбогдлыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх юм.
 
Мөн хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.
 
Үүнээс гадна сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн чанарыг сайжруулах, монгол хэлний зөв хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн унших соёл, эх хэл, үндэсний өв соёлыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ.