m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
3 цагийн дараа
201
Нээлттэй, ил тод, цахим болсон БЗС-гаар оролдох нь хэний эрх ашиг вэ

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар дахин томилогдоод ажлаа халаа сэлгээнээс эхэлсэн. Тэрээр өөрийнх нь үед мөр зэрэгцэн ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалыг ажлаас нь чөлөөлж, Боловсролын ерөнхий газрын дарга асан  Т.Ням-Очирыг томилсон. Араас нь тус яамны хөрөнгө оруулалтын газрын дарга, Санхүүгийн хэлтсийн дарга гээд хэд хэдэн удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөөд амжжээ. Хамгийн сүүлд БЗС-гийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Төртогтох ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байна. “Өөрийн хүсэлтээр ажлаа өглөө” хэмээх халхавчийн цаана дарга нарын өөрийн хүнээ байршуулах гэсэн санаархал, дарамт шахалт нуугдаж байдаг.

Тэрээр энэ оны 01 дүгээр сарын 21 нд Боловсролын сайдын тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сангийн үйл ажиллагаанд хуримтлагдсан олон жилийн асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой ахиц дэвшил гаргаад буй. Юуны өмнө БЗС-гийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход хувь нэмрээ оруулсан. Тус сангаар зөвхөн эрх мэдэлтнүүд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд үйлчлүүлдэг, бидэнд боломж үгүй гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд түгээмэл байсан.

Тэгвэл М.Төртогтох мэдээлэл дутмаг байдал, ойлголтын зөрүүгээс болж иргэд боломжоо алддаг байдлыг зогсоох зорилгоор 11 аймаг, дүүргийн 18,000 гаруй сурагч, эцэг эхчүүдэд тэтгэлэг, зээлийн талаарх мэдээллийг биечлэн хүргэж, нээлттэй зөвлөгөө өгч ажилласан байна. Түүнчлэн цаасан хүнд суртлыг халж, "E-GEREE" системийг нэвтрүүлсэн.

Тодруулбал, "E-GEREE" компанитай хамтран цахим гэрээний загвар нэвтрүүлснээр суралцагчид цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэхгүйгээр хаанаас ч гэрээгээ баталгаажуулах боломжтой болов. Ингэснээр 30 жилийн турш 90 гаруй мянган хуудас цаас үйлдвэрлэж, орон нутгаас заавал биеэр ирж гэрээ байгуулдаг байсныг зогсоосон.

БЗС болон иргэдийн хооронд үүсээд удсан маргааныг иргэдийн талд шийдвэрлэсэн. "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрийн оролцогчдод тавигдсан 75 хувиас дээш голч дүнтэй байх шаардлагаас үүдэлтэй гомдлыг судалж, Засгийн газрын 94-р тогтоолоор зохицуулалт хийжээ. Ингэснээр 2024 онд тэнцсэн суралцагчдын эрх ашгийг хамгаалж, шинээр гэрээ байгуулах боломжийг бүрдүүлсэн байна.

М.Төртогтох ажлаа хүлээж аваад ердөө гурван сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч энэ хугацаанд 5.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг төвлөрүүлж чадсан байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүүжилт маш чухал. Тиймээс 1997 оноос хойшхи 1406 иргэний зээлийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд нийлүүлж, зээлийн эргэн төлөлтийн графикийг шинэчлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж. Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн графикыг харахад сүүлийн зургаан жил гаруй хугацаанд нийт 64 тэрбум гаруй төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байдаг. Үүний 23 тэрбум буюу 35 орчим хувь нь П.Наранбаяр сайдын үед төлөгдсөн байна. П.Наранбаяр нь энэ салбарын сайдаар 20 сар ажилласан ч чухам түүний үед зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр дүнд хүрсэн байдаг. Ямартай ч сүүлийн 30 жил монгол залуус эх орондоо төдийгүй хилийн чанадад эрдэм мэдлэг өвөрлөж, дэлхийн боловсрол эзэмшихэд түүхэн үүрэг гүйцэтгэж буй энэ сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй болгоход П.Наранбаяр, М.Төртогтох нарын оруулсан хувь нэмрийг үгүйсгэж боломгүй.

Ийнхүү идэвх зүтгэлтэй ажиллаж буй залуу хүний зоригийг мохоож, өргөдлөө өгөхөд хүргэж, халаа сэлгээтэй зууралдахын оронд багш нарын цалинг нэмэх санхүүжилтийн эх үүсвэр, хөтөлбөрийн шинэчлэл зэрэг гол асуудалдаа анхаарлаа хандуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд зөвлөе.