

Жил бүрийн тавдугаар сарын 19-ныг дэлхий нийтээр "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотой Өрхийн эмч нарын нийгэмлэгээс өөрсдийн эрхээ хамгаалж, дуу хоолойгоо хүргэж байна. Өрхийн эмч нар иргэдэд хамгийн ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байгаа ч үндсэн үүргээс нь хөндийрүүлсэн олон төрлийн нэмэлт ачаалалд дарагдсан хэвээр байгааг хэллээ. Тайлан мэдээ, давхардсан хяналт шалгалт, төрөл бүрийн аян кампанит ажил нь эмчийн цагийг өвчтөнөө хулгайлж байгааг, тэр бүр нь үр дүнгүй хөрөнгө мөнгө, цаг үрсэн ажил болдгийг хэллээ.
Говьсүмбэр аймгийн ӨЭМТ-ийн төлөөлөл О.Одмандах: Бид ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн ажлаа хиймээр байна

-Өнөөдөр өрхийн эмч нарын баяр ч гэлээ эрхээ хамгаалахаар орон нутгаас ирлээ. Дунд шатны дарамт шахалт хэрээс хэтэрлээ. Маш их тайлан нэхэж байна. ЭМД-тай бид гэрээ хийж, сар бүр үзлэг хийнэ гэж заасан. Гэвч нэмэлтээр аймаг, дүүргийн засаг дарга нар урьдчилан сэргийлэх үзлэг цаг хугацаа зааж, гэнэт нэмэлтээр зарлаад, хүн амаа өндөр хувьтай хамруул гэдэг. Хэрэв тоо хувьдаа хүрэхгүй бол гурвалсан гэрээг цуцална гэдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэхэд шаардлагатай материалыг ӨЭМТ өөрсдөө гаргадаг. Бид өнөөдөр ӨЭМТ-д ажиллаж байгаа эмч, ажиллагсад өөрсдийн үндсэн ажлаа л хиймээр байна. Бид ӨЭМ-ийн чиглэлээр дагнан нарийсахын тулд 18 төрлийн хичээлийг сонгон судалж байж нарийсч, өрхийн эмч болдог ч ард иргэдэд үзлэг, урьдчилан сэргийлэх ажлаа хийхийн оронд тайлан тооцоо, дунд шатны дарга нарт таалагдах гээд явж байна.
