Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Эдийн засаг
5 цагийн дараа
135
Н.Батсайхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайханыг банк, санхүүгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мөнгөний бодлого, макро эдийн засгийн судалгаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Н.Батсайхан нь 1996 оноос хойш Монголбанкинд тасралтгүй 30 жил ажиллахдаа эдийн засагч, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж ирсэн бөгөөд 2026 оноос Монголбанкны Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байна.

Түүний мэргэжлийн үйл ажиллагаа нь мөнгөний бодлого, макро эдийн засгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, банкны хяналт шалгалт, валютын нөөцийн удирдлагын чиглэлд төвлөрч, Монголбанкны бодлого, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Мөн “Валютын ханшийн хэлбэлзлийн худалдааны урсгалд үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажил нь бүс нутгийн эдийн засгийн судалгаанд ач холбогдолтой бүтээл болсон.