
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар татварын багц хуулиудад орох нэмэлт өөрчлөлт, ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөл, НӨАТ-ын хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Хуулийн төсөл хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх, татварын тайлан залруулах хугацааг хоёр хүртэлх жилээр сунгах зохицуулалтуудыг тусгажээ. Мөн түүнчлэн 792 мянган төгрөг хүртэл цалингийн орлогын татварыг 100 хувь чөлөөлөхөөр тусгасан билээ.

УИХ-ын гишүүн Б.Заяабал: Иргэний таваас доошгүй жил амьдарсан өөрийн үндсэн оршин суух бүртгэлтэй орон сууцаас татвар чөлөөлнө гэж орж иржээ. Татвар бүх талдаа ойлгомжтой байвал амар байдаг. Хугацааг яагаад таван жил гэж сонгосон юм бэ. Оршин суух хаяг бүртгэлтэй гэдэг нь яаж нотлогдох юм бэ. Олон улсад хөрөнгийн татварууд зах зээлийн үнээс анх авсан үнийг нь хасаад зөрүүд нь татвар ногдуулдаг. Энэ хэлбэрээр явж болоогүй юу. Мөн ХХОАТ дээр нэг тэрбум төгрөгийн тааз тавьж өгчээ. Өмнө нь таазгүй байсан. Яагаад нэг тэрбум төгрөг гэсэн тааз тогтоох болов. Өндөр цалинтай иргэд цалин авах биш ажиллаж байгаа компанитайгаа гэрээ байгуулаад, цалингаас суутгуулдаг 10 хувь биш гэрээний үндсэнд орлого гэж үзээд нэг хувиар төлөх бултах орон зай гарч байгаа юм биш үү.

Сангийн сайд З.Мэндсайхан: 2025 онд 144.6 мянган иргэн тайлан ирүүлснээс 143.9 мянган иргэн нэг тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн орлого тайлагнаж, 50.1 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан. 2025 онд нэг тэрбум төгрөгөөс дээш орлоготой 662 иргэн, 2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой 210 иргэн тайлагнасан. Хамгийн өндөр орлоготой нь 14.8 тэрбум, 7.9 тэрбум төгрөг гэж тайлагнасан иргэн 14 компанитай байсан. ХХОАТ-ын хөнгөлөлтийг татвар төлөгч татварын тайлан гарган дараа онд нь буцаалт авахаар хуульд тусгасан.
