m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 04:13
499
Дүүгүүрдэх мэхээрээ алдаршиж явсан хүчтэн

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд томилолтоор явж байх үедээ энэ нутгаас төрөн гарсан улсын начин Ч.Мөнхтогтохыг “Масс зочин” буландаа урин уулзаж ярилцсан юм. Олноо дүүгүүрдэх мэхээрээ алдаршсан энэ хүчтэн “Монгол гайхамшиг” нэвтрүүлэгт орох үеэр дөрвөн ханатай гэр үүрч, бяр чадлаа гайхуулж байв.

-Танай сумын 90 жилийн ой тохиож байна. Нутгийн зон олон ч сумаас төрсөн улсын цолтноо хүндэтгэн хүлээн авч байгаа нь анзаарагдлаа. Энэ мөчид төрж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Үнэхээрийн сэтгэл өндөр байна аа. Өнөөдөр манай сум түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Би 70, 80 жилийн ойгоор нь түрүүлж байсан юм. Харин энэ жил бэлтгэл муу байгаа учраас барилдаж чадсангүй. Манай сум чинь морь, бөх, суртай сайхан нутаг. Энэ сайхан хангайгаас хурд их төрдөг юм шүү. 1921 онд ардын хувьсгал ялж, наадам хийхэд манай сумын Данигай заан түрүүлсэн байдаг. Тэр цагаас хойш улсын цолтой бөх төрөлгүй явж байгаад би 1999 онд начин болсон. Ер нь манай нутаг сайхан шүү дээ. Ус нь тунгалаг, агаар нь цэлмэг, бөх төрнө гэдэгт эргэлзэхээргүй сайхан нутаг байдаг юм. Хойгуураа Сэлэнгэ мөрөн, урдуураа Орхон гол урссан, зун нь ган болдоггүй, өвөл нь зуд болдоггүй ийм нутагт төрсөндөө баярлаж явдаг даа, ах нь.

-Бөх рүү орж байсан үеэ эргэн дурсвал...

-Хүүхдүүдийн нэгэн адил гудамжинд барилдаж, ноцолдож өссөөн. Миний аав, ээж хоёр багш хүн. Аав маань түүх, газарзүйн багш 44 жил хийсэн. Ээж маань бага ангийн багшаар олон жил ажилласан хүн. Манай удамд бол бөх хүн байгаагүй. Харин тэнхээтэй улсууд байсан юм билээ. 1984 оноос хойш гэхээр яг 30 жил бөхөөр хичээллэжээ. Би яах аргагүй энэ нутгаас бөхийн гараагаа эхэлсэн. Нутгийн ахмад бөхчүүдийг даган явж байж бөхөд хорхойтой болсон. Өсвөр, залуучуудын УАШТ-д тогтмол орж байсан шүү. 1987 онд цэрэгт явж, “Алдар” нийгэмлэгт тамирчин цэргээр очиж байлаа. Тэгээд дараа жил нь цэргийн арслан цол хүртсэн. 1992 онд аймагтаа түрүүлсэн. Тэр үеэс хойш аймагтаа нэг их барилдаагүй, сумын наадмуудад л зодоглодог байлаа. Суманд түрүүлэхэд даага өгдөг. Хэдэн адуутай болъё гээд суманд их барилдсаан. Харин улсад зодоглъё гэж боддоггүй байж.

-Тэгээд улсад хэзээнээс барилдахаар шийдэв?

-Улсын цолтны малгай, бүс гарсан юм аа. Үүнээс болж улсад барилдаж, цол авах хүсэл төрсөн. Миний найз Д.Амаржаргал надаас түрүүлж улсын цол авсан хүн. Нэг өдөр аймгийн төв дээр түүнтэй тааралдлаа. Тэгсэн улсын начны тэмдэгтэй их гоё малгай өмсчихсөн явж байна. Малгайг нь сонирхоод асуутал “Улсын цолтой бөхчүүд ийм малгай өмсдөг болсон. Малгай дээрх начны тэмдгийг мөнгөөр хийсэн шүү дээ” гэлээ. Тэгэхээр нь “Найз аа аймгийн цолтой бөх өмсөж болох уу” гэхэд “Үгүй ээ. Зөвхөн улсын цолтой бөхчүүдийг малгай, бүч, тэмдгээр нь ингэж ялгаж өгч байгаа юм” гэв. Тэр үед надад улсын начин цол хүртчихээд ийм сайхан малгай өмсөх юмсан гэдэг хүсэл төрж билээ. Хэрвээ андынхаа малгайг хараагүй бол би улсын начин болохгүй л байсан болов уу. Тэр үед аварга ч, сумын заан ч ижилхэн малгайтай байлаа. Одоо бол аваргын малгайг хэн ч, хаанаас харсан танина шүү дээ. 

Би ер нь улсад гурван жил л барилдаад үзье, тэгээд чадахгүй бол морь уяж уралдуулна гэсэн бодолтой байв. Тэгээд гурав дахь жилдээ начин цол хүртсэн дээ. Өнөөдөр сумын 90 жилийн ойн өдөр нутгийн удирдлагууд маань надад машин бэлэглэлээ. Сумынхаа ард түмэнд маш их баярлаж байна. Одоо орон нутгаасаа залгамж халаагаа бэлдэх ажилд өөрийгөө зориулна гэж бодож байна даа.

-Дүүгүүр бол таны овог шахуу болчихсон мэх. Энэ мэхийг хэрхэн яаж сурч байв?

-Дүүгүүр их сонин мэх л дээ. Би хүүхэд ахуйдаа барилдаж байхдаа л хүн дүүгүүрдэж эхэлсэн. Хүмүүс намайг Мөнхтогтох гэхээсээ илүү “Сэлэнгийн дүүгүүр” гэж ярина шүү. Дүүгүүр бол хаяж байгаа хүндээ бахдалтай, унаж байгаа хүндээ гомдолтой мэх. Дүүгүүр мэхээр алдаршсан гурван бөх байдаг. Улсын начин Д.Гомбосүрэн гэж хүн бий. Наадамд дөрвөн удаа тав давсан бөх. Би өсвөрийн улсын аваргаар барилдахдаа нийт бөхчүүдийнхээ 70 хувийг дүүгүүрдэж хаясан байдаг юм. Тэр үед Гомбосүрэн гуайгаас надад “За хүү минь ингэж дүүгүүрдэнэ шүү. Чи сайхан дүүгүүрдэж байгаа харагдана. Хоёулаа уулзаж ярилцах юмсан” гэсэн захиа ирж билээ. Ер нь дүүгүүрдэхээ хүрвэл 120, 130 кг жинтэй хүнийг ч хаяна. Чадахгүйгээ хүрвэл 60  кг хүнийг ч эргүүлж чадахгүй байх ч тохиолдол бий.

-Их бяртай хүний хийдэг мэх байх?

-Жаахан нурууны тамиртай хүн хийдэг мэх юм болов уу гэж боддог. Хүн харахад их чадалтай хүн дүүгүүрдээд байгаа юм шиг санагдана. Харин яг барилдахад эв хэрэгтэй байдаг юм.

-Улсын цол авсан 1999 оны наадмын талаар ярьж өгөөч?

-1997 онд улсын наадамд анх барилдаад гурвын даваанд унадаг юм. Дараа жил нь дөрвийн даваанд ойчсон. 1998 он миний хувьд харьцангуй амжилтын жил байлаа.  Тэр үед хөдөөгийн бүс гэж 21 аймагт түрүүлсэн бөхчүүд хоорондоо барилдсан юм. Тэгэхэд би түрүүлсэн. Бас Өвөрхангайд анхны “Их хурд”-д зориулсан барилдаан болоход би гуравт Ховдын Мөнхбаатарыг, дөрөвт “жижиг” Сүхбатыг, тавд О.Балжинням аваргыг даваад шөвгөрсөн юм. Улсын цолгүй ганцхан бөх шөвгөрсөн би. Тэр үед “Сэлэнгийн Мөнхтогтох удахгүй начин болох байх” гээд сонин дээр бичсэн байсан л даа. Тэгээд дараа жил нь 31 настайдаа улсын начин болсоон.

-“Их хурд”-ын барилдаанд хэнд унасан юм бэ?

-Зургаагийн даваанд Ц.Баярсайхан зааныг бараагүй. Уг нь хаячихаа шахсан шүү. Би сарын өмнө таарахдаа бусгаад хаячихсан юм. Дараа нь дахиж бусгасан ч тахимдуулаад унасан. Хашир заан өмнө нь нэг унасан болохоор бусгаа ирнэ гэж анаж байгаад тахимдсан хэрэг.    

-Та бяр чадлаа сорьж, гэр өргөж байсныг мэдэх юм. Тэр тухайгаа ярьж өгөөч?

-2007 онд юм даа. ТВ8 гэдэг телевизээр “Монгол гайхамшиг” гэж нэвтрүүлэг явсан юм. Монгол хүн юугаараа гайхамшиг болж чадах вэ гээд янз бүрийн юм хийсэн. Ямар ч байсан нэг хамгаалагч залуу гурван өдөр, гурван шөнө зогссон юм гэнэ лээ. Тэгээд дараа нь бөхчүүдээс нэвтрүүлэг авахаар болж, Д.Пэрэнлэйдорж начин, бид хоёрыг сонгосон. Бид хоёр дөрвөн ханатай гэр “Выставка”-гаас Төв цэнгэлдэх хүртэл үүрсэн юм. Гэр гэдэг дөрөв таван хүний амьдарчих оромж юм болохоор хүнд юм билээ. Монголчууд амьдардаг оромжоо үүрээд нүүгээд явчихдаг гайхамшигтай ард түмэн гэдгийг харуулах зорилготой нэвтрүүлэг байсан. Харамсалтай нь тэгж үүрснээс хойш Пэрэнлэйдорж начин нуруу муутай болсон доо.

-Хэр хүнд байсан бол?

-270 орчим кг байсан байх аа. Модны чийг нь гараагүй шинэ гэр болохоор хүнд байдаг юм билээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл сонирхож асууя. Зүүнбүрэн сумаас таныг залгамжилж, улсын цол авах залуус хэр бэлтгэгдэж байна вэ?

-Одоо би завтай болсон. Энэ жил сумынхаа ой болохоос 20 хоногийн өмнө ирлээ. 20-иод залуу авч яван бэлтгэл хийлгэсэн. Аймгийн наадамд манай сумын залуу үзүүрлэлээ. Бас манай галаас Батбаяр гээд залуу аймгийн харцага цолд хүрсэн. Өөр хэд хэдэн залуу хоёр, гурав давсан. Одоо эднийгээ нэг юманд хүргэхийн төлөө тууштай явна даа.

-Ярилцсанд баярлалаа.