Нийгэм
2026.05.27 12:54
169
Өдөрт 3-5 хүүхэд эмийн бодисын хордлогод өртөж байна

Өдөрт дунджаар 3-5 хүүхэд эмийн хордлогод өртөж байгаа бөгөөд 2026 оны 1-3 сарын байдлаар нийт 243 хүүхэд эмийн хордлогод өртсөн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдэгдлээ. 

Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм.

Эмийн төрлөөс шалтгаалан шинж тэмдэг өөр өөр илэрнэ.
 
Гэхдээ нийтлэгээр дараах шинж илэрнэ:
  • Дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх
  •  Хэл яриа ороо бусгаа болох, ухаан балартах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Зүрхний хэм алдагдах, судасны даралт ихсэх/буурах
  • Таталт өгөх, ухаан алдах
  • Арьсны өнгө өөрчлөгдөх (хөхрөх, цонхийх) 
Ихэнх тохиолдолд даралтны эм болон витаминд их хорддог тул сандал дээр гарсан ч гар хүрэхгүй газар далд хадгалж, хэрэглэсний дараа тагийг сайтар хаахыг анхааруулж байна. 
Эмийг зөв хадгалах нь хүүхэд эмэнд хордох эрсдлийг 60-80 хувиар бууруулдаг.