m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
93
ҮХЦ ерөнхий шүүгчийг зургаан жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог болох асуудлыг хэлэлцсэн юм. Их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Г.Нацагдорж болон УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцээс дараах шийдвэр гарлаа.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно" гэж заасны " зөвхөн нэг удаа" гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" гэсэн заалтыг зөрсөн гэж үзсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг УИХ 2016 оны 12 сарын 9-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсгийн “нэг удаа томилно." гэж заасныг 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ний өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр хассан байна.

УИХ нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр уг дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр болсон байна. 

2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь  Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар  дүгнэлтийн дагуу хүчингүй болсон,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно" гэж заасны "нэг удаа томилно" гэсэн хэсэгтэй эрх зүйн үр дагавар, агуулгын хувьд адил байна.

3. Хүчингүй болсон дээрх хуулийн заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх зарчмыг алдагдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1, 64.3, 67, 70.1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхийн 15.3 дахь хэсэг, 31.1 дэх хэсэгт тулгуурлан Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс тогтоох нь:

Нэг. ҮХЦ-ийн 2016 оны 12 дахь дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.15-3 дахь хэсэгт УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгч нарын дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа томилно гэж заасны "нэг удаа" гэсэн хэсгийг УИХ 2021.01.15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Шүүхийн тухай хуулийн 36-р зүйлийн 36.7 дахь хэсгийн УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтын "зөвхөн нэг удаа" гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

Хоёр. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр  тул гармагцаа хүчин төгөлдөр болно" гэлээ.