

Дархан-Уул аймгаас Зулзагын гол руу явж байсан машин осолдлоо гэх дуудлага энэ сарын 27-ны 16:50 цагт иржээ. Уг ослыг цагдаагийн байгууллага шалгахад ЕБС-ийн 15 настай 5 хүүхэд нийлэн, 1 нь аавынхаа машиныг зөвшөөрөлгүй жолоодсон байв. Ослын улмаас 2 хүүхэд амиа алдаж, 3 хүүхэд гэмтсэн ноцтой осол гарчээ.
10 гаруй хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт хүүхэд машин жолоодон, хөдөлгөөнд оролцсоны улмаас 17 настай хүү нас барж, 18, 19 настай хоёр хүүхэд гэмтсэн. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад мөн л арван жилийн хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрөлгүй машиныг нь нууцаар унаж яваад харамсалтайгаар осол аваар гаргажээ. Иймээс цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг, тээврийн хэрэгслээ мөн хяналттай байлгахыг санууллаа.
2026 он гарсаар Дархан-Уул аймагт 17 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гурван хүүхэд нас баржээ. Осол гарч байгаа шалтгаан нь хүүхдэд хамгаалах бүс зүүлгэдэггүй, дугуй скүүтер унаж яваад бэртэх тохиолдол гарч байна. Энэ мэтчилэн хүүхэд машин жолоодож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох, бусдыг хохироох явдал гарсаар байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа. Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсан тохиолдолд эцэг эхэд нь Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна.
