

УИХ-аар 2001 оны “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл орж иржээ.
Хууль санаачлагчдын зүгээс энэхүү конвенцид нэгдсэнээр монголчуудын түүхэнд холбогдох далайн ёроол дахь өвийг судлах боломж нээгдэнэ хэмээн тайлбарлаж байна.
Конвенцид нэгдсэн улс орнууд далайн дээрэмчид болон хууль бус эрдэнэс хайгчдаас усан доорх живсэн хөлөг онгоцнууд болон живж сөнөсөн хотуудаа хамгаалах, усан доорх аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр үр ашиг хүртдэг.
Манай улсад Хөвсгөл нуурт живсэн хөлөг, машин, дээр нь тахилгатай ус нууранд өргөсөн мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг усан доорх соёлын өвд тооцох байх. Үүнээс өөрөөр судлах далайн дор сөнөж мөхсөн хот тосгон, живсэн хөлөг онгоц бий билүү?
Соёлын өвийн үндэсний төвд хоёрхон шинжээчийн орон тоо нэмж, жилд 53 сая төгрөгийн цалин өгөх тул төсөвт дарамтгүй гэж Соёлын яам тайлбарлаж байгаа ч, үнэн хэрэгтээ өөр байна. Усан доорх өвийг гадаад, дотоодод сурталчлах, үзэсгэлэн гаргах, кино хийх зэрэг сурталчилгааны ажилд 622 сая төгрөг, томилолтод 41.7 сая, замын зардалд 81.4 сая, сургалтад 33.0 сая, нийт 831 сая 658 мянган төгрөг зарцуулах тооцоог гаргажээ.
Гуя дагуулж хүзүү гэгчээр төсвийн орлого бүрдэхүй, зардал хэтэрсэн энэ үед боломж л гарвал төсөвт хуруу дүрдэг нь төрийнхний гэм биш зан болжээ.





